|

Вакцины бүрэн тунд хамрагдсан жирэмсэн эмэгтэйчүүдээс халдвар бүртгэгдээгүй

 Вакцины бүрэн тунд хамрагдсан жирэмсэн эмэгтэйчүүдээс халдвар бүртгэгдээгүй

Коронавирусний халдвар авсан иргэдийг гэрээр хэрхэн эмчилж байгаа болон жирэмсэн эхчүүдийн өвчлөл, дархлаажуулалтын талаар аймгийн ЭМГ-ын дарга Б.Батцэнгэлээс тодрууллаа.

-Манай аймагт коронавирусний халдвараар өвчилсөн хэчнээн хүн гэрийн эмчилгээнд байна вэ?

-Коронавирусний халдвар авч хөнгөн хэлбэрээр өвдсөн иргэдийг Өрхийн эрүүл мэндийн төвд мэдээлж, найман шалгуур үзүүлэлтийн дагуу гэрээр эмчилж байна. Өдөр бүр тоон мэдээлэл солигдож байдаг болохоор өнөөдрийн мэдээлэл маргааш солигддог. Гэхдээ 6-р сарын 20-ноос хойш 561 хүн гэрээр эмчлүүлж, эдгэрсэн. 

-Гэрийн эмчилгээнд байгаа иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ, эм тариаг хэрхэн хүргэж байгаа вэ?


-Гэрийн эмчилгээний нэгдсэн журмын дагуу шаардлагатай эмийн багцыг ӨЭМТ-өөс хүргэж өгдөг. Үүнд Витамин С, D, шаардлагатай тохиолдолд вирусний эсрэг эм болон халуун буулгах, өвчин намдаах гэх мэт шинж тэмдгийн эм, эмчилгээ хамаарна. Эмчээс гадна өвчтөн өөрөө 10 хоногийн хугацаанд өглөө, оройдоо халуунаа хэмжиж, давхар хянана. Халуурах, амьсгаадах шинж тэмдэг илэрвэл хугацаа алдалгүй эмчид шууд мэдээлэх ёстой. 

-Гэрээр эмчлүүлж буй иргэд эмчилгээ дуусч эдгэрсэн эсэхээ яаж мэдэх вэ? Тухайн иргэдэд эдгэрснийг батлах магадлагаа хэрхэн өгдөг вэ?

-Тухайн иргэдийн эмчилгээний явцыг ӨЭМТ хянадаг. Эдгэрвэл ӨЭМТ нь эмчийн магадлагаа бичиж өгнө. Харин хэвтэн эмчлүүлэгсдэд Нэгдсэн эмнэлгээс магадлагаа олгоно. 

-Халдварын эсрэг дархлаажуулалт хэрхэн үргэлжилж байна?

-Өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавирусний эсрэг вакцинд 1318 хүн хамрагдсан байна. Тухайлбал: Файзер вакцины эхний тунд 183 хүн, 2 дахь тунд 801 хүн, Вероселл вакцины эхний тунд 5 хүн, 2 дахь тунд 14 хүн, Спутник вакцины 2 дугаар тунд 10 хүн тус тус хамрагдсан мэдээлэлтэй байна.

-Жирэмсэн эхчүүдийн вакцины хамрагдалт хэр байгаа вэ? Халдварын тохиолдлын дунд жирэмсэн эхчүүдийн эзлэх хувь ямар байна вэ?

-Аймгийн хэмжээнд 680 жирэмсэн эх байгаагийн 484 нь сайн дураараа вакцинд хамрагдсан. Өнөөдрийн байдлаар эмчлэн тусгаарлах байранд эмчлүүлж буй иргэдээс 14 нь жирэмсэн эмэгтэй байна. Гэхдээ одоогоор вакцины бүрэн тунд хамрагдаад халдвар авч өвчилсөн жирэмсэн эмэгтэй бүртгэгдээгүй. 

-Халдварын эрсдэлээс сэргийлэх талаар иргэдэд хандаж юуг зөвлөх вэ?

-"Ковид-19" вирус альфа, бетта, гамма, дельта гэх мэт олон төрөлд хувирч байна. Халдвараар нэг удаа өвчилбөл дахин тусахгүй гэсэн үг биш юм. Тиймээс иргэн бүр эрсдэлээс сэргийлж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөн, дархлаагаа сайн дэмжиж, вакцины бүрэн тундаа идэвхтэй хамрагдах шаардлагатай.