ХБНГУ, АНУ, Канад, Швейцар, БНСУ зэрэг 16 улсад 6000 гаруй хүүхдийг хамруулсан монгол хэл, соёлын 59 төв иргэдийн санаачилгад түшиглэн үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр төв сургууль, цэцэрлэг, төв, зуслан зэрэг нэршилтэйгээр монгол хэл, түүх, дуу хөгжим, бүжиг, шатар зэрэг чиглэлээр сургалт явуулдаг ажээ.
Гадаад улсад монгол хэл, соёлоо түгээн дэлгэрүүлж, сурталчилж байгаа сургалтын байгууллагуудын үйл ажиллагааг дэмжихээр Монгол Улсын Засгийн газар “Гадаад улсад үйл ажиллагаа явуулж байгаа боловсролын сургалтын байгууллага болон насан туршийн боловсролын байгууллагад төрөөс дэмжлэг үзүүлэх журам-“ыг баталлаа. Журмын хэрэгжилтэд шаардлагатай хөрөнгийг 2024 оны төсвийн багцын хүрээнд санхүүжүүлж, цаашид жил бүрийн улсын төсвийн төсөлд тусгаж байх юм.
Боловсролын ерөнхий хуулинд “Гадаад улсад монгол хэл, бичиг үсэг, ёс заншил, түүх соёлын уламжлалыг суралцах, өвлөх, түгээн дэлгэрүүлэх, боловсрол нөхөн эзэмших сургалт зохион байгуулах, монгол хүний хөгжлийг дэмжих зорилгоор насан туршийн суралцахуйн төвийг байгуулж болно. Мөн гадаад улсад амьдарч байгаа Монгол Улсын харьяат хүүхдэд монгол хэл, түүх, ёс заншил, соёлын чиглэлээр суурь чадамж эзэмшүүлэх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа боловсролын сургалтын байгууллага болон насан туршийн боловсролын байгууллагад төрөөс дэмжлэг үзүүлж болох бөгөөд дэмжлэг үзүүлэх нөхцөл, шаардлага, хэмжээг Засгийн газрын баталсан журмаар зохицуулна” гэж заасан байдаг.
Журам хэрэгжсэнээр хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдаж, гадаад улсад амьдарч буй монгол хүүхдүүд монгол хэл, бичиг үсэг, ёс заншил, түүх соёлын уламжлалаа суралцах, өвлөх, түгээн дэлгэрүүлэх, монгол хүний хөгжлийг дэмжих, Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогод дэвшүүлсэн зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд чухал алхам болох юм гэж БШУЯ-аас мэдээллээ.