|

Оюутолгойн бүлэг ордын “нууц” илрэх үү


- Түр хорооны цуглуулсан 94 мянга гаруй баримтын 51 хувь нь нууцын тамгатай байжээ -
Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөө­жийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт би­­чиг, үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх УИХ-ын түр хорооноос зохион байгуулж буй нотлох барим­тыг шинжлэн судлах сонсгол өчигдөр Төрийн ордонд эхэллээ. Эхний өдөр Жавхлант, Шивээтолгойн ашиг­­­лалтын тусгай зөвшөөрлийн талбайтай холбоотой баримтад дүн шинжилгээ хийсэн юм. Энэ өдөр нийт 116 хүнийг гэрчээр дууджээ. 
Дээрх түр хороог таван сарын өмнө байгуулсан бө­­­гөөд түүнээс хойш долоо хоног бүр хуралдаж, хол­богдох төрийн болон хувийн байгууллагаас нотлох ба­­­­римт цуглуулж, шинжилсэн байна. Нийт 94 мянган ба­римт бичиг цуглуулсан ч 51 хувь нь нууцын тамгатай учраас олон нийтэд дэлгэх боломжгүй гэнэ.
Ингэхдээ “Оюутолгой” ХХК-д танилцуулга хийгээч хэмээх хүсэлтийг зургаан удаа хүргүүлсэн ч ирээгүй аж. Гэхдээ тус ком­­­­паниас 30 мянга гаруй хуудас нотлох баримт явуулсан юм байна. Гэвч бараг хуудас бүрд “нууц” гэсэн тэмдэг дарсан байжээ. Оюутолгойн бүлэг орд дахь Жавхлант, Ши­­вээтолгойн ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг “Онтрэ” ХХК ч ирүүлсэн 1000 гаруй хуудас баримтдаа нууцын тэмдэг дарсан байв. Тус компанийнхан төрийн байгууллагуудын, тодруулбал, сайд нарын тушаалд хүртэл нуу­цын тамга дарсныг түр хорооны дарга, УИХ-ын гишүүн О.Батнайрамдал хөндсөн.
Түр хорооны шинжээч эхний ээлжид “Оюутолгой” төслийн болон Оюутолгойн бүлэг ордын геологи, нөөцийн талаар ерөнхий танилцуулгыг хийлээ. “Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын гэ­­рээнд 2009 оны аравдугаар сард анх гарын үсэг зурснаар Монгол Улсын Засгийн газар уг ордын 34 хувийг өмчлөх болсон. Гэвч тухайн үед ТЭЗҮ байгаагүй, гэрээ зурснаас жилийн дараа бэлэн болсон хэмээн шинжээч мэдээлэв. Үүнийг таван жил тутамд шинэчлэхээр тохирсон ч хамгийн сүүлд 2015 онд ТЭЗҮ-ийг шинэчлэн батлуулжээ. Тэгэхээр сүүлийн таван жилд “Оюутолгой” ХХК ТЭЗҮ-гүй ажиллаж буй гэсэн үг. Мөн уг орд дахь молибденийн нөөцийг “Оюутолгой” ХХК олон улсад болон дотоодод өөрөөр мэдээлдэг, судалгааны ажил дутуу учраас төлөвлөлт байнга өөрчлөгдөж, тэр хэрээр хөрөнгө оруулалт, зардал нэмэгдэн, Монгол Улсын хүртэх өгөөж буурч байгаа, бүтээн байгуулалтын ажилтай зэрэгцэн нарийвчилсан хайгуулын ажлыг эхлүүлсэн нь оновчгүй шийдэл болсон гэлээ. Бүлэг ордод бүхэлд нь хайгуул хийгээгүй. Шат дараатайгаар хайгуул хийж, тухай бүрдээ ТЭЗҮ бо­­ловсруулаад явахаар төлөвлөснийг холбогдох хүмүүс энэ үеэр хэлж байлаа. Мөн “Оюутолгой” ХХК-ийнхан “дотооддоо шийдээд”, УИХ-ын түр хорооны хуралд ирэхгүй байхыг сонгосон, Бай­гууллагын нууцын тухай хуулийн дагуу мате­­риалынхаа хуудас бүрд тамга дарснаа тайлбар­ласан юм. Гишүүд асуулт тавив.
Б.ЖАРГАЛАН (УИХ-ын гишүүн): -Оюутолгойн бүлэг ордын нөөцийн 60 ор­чим хувь нь “С” зэрэгтэй. Ер нь өнгөрсөн хугацаанд “Оюутолгой” ХХК хайгуулын ажилд хэр их хө­рөнгө зарцуулав, нөөцийн зэргээ В, А болгох чиглэлээр юу хийж байна. Уулын ажлын төлөвлө­гөөнөөс харахад “Онтрэ”, “Оюутолгой” ХХК-ийнх нэгд­­­­мэл гэж ойлголоо. Мөн молибденийн нөөцийг гадаад, дотоодод яагаад хоёр дахин зөрүүтэй мэдээлэв. Дотооддоо бол 203 мянган тонн гэсэн байна. ТЭЗҮ-ээ таван жил тутамд батлуулах ёстой ч алга. Ингээд яваад байж болдог юм уу?
Н.ОДОНЧИМЭГ (“Оюутолгой” ХХК-ийн геологич): -Бүлэг ордын хайгуулд нийт 408 тэрбум төгрөг зарцуулсны 88 тэрбум нь “Онтрэ” ком­панийнх. “Оюутолгой”, “Онтрэ” ХХК-ийн уулын ажлын төлөвлөгөө 2024 он хүртэл нэгдмэл байсан. Харин хайгуулын ажлын тайлан нь лиценз бүрээр тусдаа хийгддэг.
С.МӨНХСҮХ (“Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал):
-Манай компанийн зүгээс ТЭЗҮ-гүй явах сонирхол үгүй, бид шаардагдах бүхнээ хийгээд явж буй. Гэвч компанийн эрх мэдлээс давсан зүйл бол биднээс хамаарахгүй.
М.МЭНДБАЯР (АҮЭБЯ-ны Бодлого төлөв­лөлт, судалгааны хэлтсийн дарга):
-2021 оны нөөцийг тусгаж, ТЭЗҮ-ээ тодотгоод Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл (ЭБМЗ)-д ирүүлсэн. Уг зөвлөлөөс өмнө нь өгсөн даалгавар, шаардлагыг биелүүлсэн, эсэх, өнөөдрийн үйл ажиллагаа, нөөц яаж өөрчлөгдсөн зэргийг хянаад, бэлэн гэвэл шинжээч томилж, хуралддаг. Сүүлд 2024 оны гуравдугаар сард зөвлөл уг асуудлаар хуралдсан. Гэвч дээрх хоёр компанийн эдийн засгийн тооцоонуудыг салга гэснийг хэ­­­рэгжүүлээгүй байсан. Задаргаа нь тодорхойгүй гэх мэт эргэлзээ байсан учир буцаасан.
Г.ГАНЗОРИГ (УИХ-ын гишүүн): -“Оюутолгой” төслөөс Монгол Улс 53 ху­вийн өгөөж хүртэнэ гэж байсан. Гэвч Засгийн газрын мэдээллээр одоо 27 хувийн л ашиг хүр­тэх юм байна. Гэтэл “Оюутолгой” ХХК хөнгөлөлт эдэлнэ, далд уурхайн зардлаа өсгөнө, эл­дэв менеж­ментийн гэрээ байгуулж мөнгө авна. Одоо манай улс 12 тэрбум ам.долларын өртэй байна. Гадаад өрийн 50 хувийг Оюутолгойн өр эзэлж байна. Гэтэл “Оюутолгой” ХХК “Онтрэ”-д жилийн 6-7, манайд болохоор 30-40 хувийн хүүтэй зээл өгч байна. ТЭЗҮ-гүйгээр ажлаа эхэлснийг шинжээч хэллээ. Та нарт эсвэл дотооддоо ашигладаг ТЭЗҮ байдаг юм уу?
С.МӨНХСҮХ: -ТЭЗҮ дотоод, гадаад гэж байхгүй.
Э.БОЛОРМАА (УИХ-ын гишүүн): -ЭБМЗ-өөс хоёр өөр компанийн санхүүгийн тооцооллоо салга гээд байхад яагаад үүнийг биелүүлэхгүй байна вэ. Мөн тусгай зөвшөөрлийн тал­­байд нь өөр компани олборлолт хийхийг “Онтрэ” яагаад зөвшөөрдөг юм бэ. С.Мөнхсүх таны өмнө нь ажиллаж байсан олон улсын ком­­паниуд ТЭЗҮ- гүй ажилладаг байсан хэрэг үү?
СТИВЭН СКОТ (“Онтрэ” ХХК-ийн гүйцэтгэх захирал): -Манайх 10 орчим хүнтэй, жижиг компани. Дангаар олборлолт явуулах техникийн боломж хомс. Хойд хэсгийн талбайд “Онтрэ”, “Оюутол­гой” ХХК нэгдмэл тусгай зөвшөөрөлтэй уч­раас хам­тарч үйл ажиллагаа явуулдаг. 2009 онд байгуулсан гэрээгээр “Оюутолгой” ХХК олборлолт явуулахаар заасан. 2004 оноос хойш бид “Оюутолгой” буюу тэр үеийн “Айвенхоу майнз” ком­панитай хувь оролцооны тохиролцоонд хүрч, гэрээ байгуулсан. Улмаар хөрөнгө оруу­­лалтын гэрээндээ тусгасан.
С.МӨНХСҮХ: -Үр өгөөж тодорхойлох, 103 дугаар тогтоолын хэрэгжилт гэх мэтээр биднээс ха­маарах­­гүй асуудлыг цэгцлэх болж, ТЭЗҮ гацчихаад байгаа. Миний өмнө нь ажиллаж байсан орнуудын хувьд ТЭЗҮ-ийг төдийлөн чухалчилдаггүй, байгалийн нөлөө, хөдөлмөрийн аюулгүй бай­­­дал зэргийг илүүд үздэг. Гэхдээ Монгол Улсын хувьд ТЭЗҮ чухал учраас үүгээр дамжуулан ойлголтоо нэгтгэхийг хүсэж байгаа.
С.ГАН-ОЧИР (АМГТГ-ын Хайгуул, ашиглалтын газрын дарга): -2020 он хүртэл 2015 оны ТЭЗҮ нь хүчинтэй байсан. 2020, 2023 онд ТЭЗҮ-ээ тодотгоод ирүүл­сэн ч шаардлага хангаагүй учраас буцаасан. Тэгэхээр ажлын явцын талаар бид бүрэн мэдээлэл авч байгаа. Мөн үүнээс болоод үйл ажиллагааг нь зогсоох эрх бидэнд үгүй. Ашигт малт­­­малын тухай хуулийн дагуу уулын ажлын төлөвлөгөөг нь хүлээж аваад явдаг.
Ө.ШИЖИР (УИХ-ын гишүүн): -“Оюутолгой” ХХК үйл ажиллагааны зардлын­­­хаа зургаан хувийг менежментийн төлбөрт өгдөг. Үйл ажиллагаа эхэлснээс хойш уг төлбөрт жил бүр хэдэн төгрөг төлөв. Гэтэл манай улсын зээл, хүү хоёр нь тэнцээд ирлээ. Та нар хүүгээс хүү тооцдог санхүүгийн бизнес эрхлээд байгаа юм биш үү?
С.МӨНХСҮХ: -Тойрч зугтаад буй биш, аль болох тодорхой ярих гэж хичээж байна. Менежментийн төлбөр авч байгаа, үйл ажиллагааны зардлаас зургаа, бүтээн байгуулалтаас гурван хувийг нь үүнд суутгадаг. “Рио Тинто”-гоос нийт 1.1 тэрбум ам.дол­­­ларыг менежментийн төлбөрт өгсөн.
рыг менежментийн төлбөрт өгсөн. Б.БАТ-ЭРДЭНЭ (УИХ-ын гишүүн): -“Оюутолгой”-гоос өөр хэдэн компани ТЭЗҮ- гүй үйл ажиллагаа явуулж байна вэ.
С.ГАН-ОЧИР (АМГТГ-ын Хайгуул, ашиглалтын газрын дарга): -Бусад уурхай яадаг вэ гэлээ. Үнэндээ амьд­рал шүү дээ. Зарим уурхай ийм нөхцөлтэй явж л байгаа. Зөвхөн Оюутолгой ийм эрх эдэлдэг гэж хэлэхгүй.
Д.АМАРБАЯСГАЛАН (Сангийн яамны Санхүүгийн зах зээл, олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн дарга): -Үндсэн зээлийн үлдэгдэл 6.1, хүүгийнх зур­­гаан тэрбум ам.доллар болсон. Энэ чигээр үргэлжилбэл 2025-2051 онд уг төслөөс хүртэх өгөөж манай талд 27, нөгөө талд 73 хувь байх тооцоо гарсан.
Үүний дараа “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөө­­цийг тогтоож, үнэлгээг тодорхойлсон болон хол­богдох бусад баримтад хийсэн шинжээчийн дүг­нэлтийг танилцуулсан. Өөрөөр хэлбэл, “Онтрэ” компанийн үйл ажиллагааг ярьсан юм. Ка­надын “Онтрэ резорсес” компани нь 1995 онд бай­­гуу­­­лагд­­жээ. Манайд 2002 онд “Онтрэ”, “Онтрэ резорсес” хэмээх хоёр компани байгуулсан аж. Гэхдээ Мон­­­гол дахь эл хоёр компани нь нэг захиралтай, нэг монгол геологич, гэрээт ажилтантай гэнэ.
Дээрх хоёр тусгай зөвшөөрлийг 2001 онд “Монгол газар” компани эзэмшиж байсан бө­­гөөд 2003 онд “Онтрэ”-д 10.5 сая ам.доллароор зарсан аж. “Онтрэ”-гийн хувьцааны 16 хувийг “Рио Тинто”, 24 хувийг “Хорризон коппер”, үлдсэнийг бусад компани эзэмшдэг. Тэд хайгуулын тусгай зөвшөөрлөө 2004, 2006, 2007 онд гурван удаа сунгасан. Эхний хоёр удаа сунгах төлбөрийг нь ЗАТА хэмээх компани төлсөн байна. Мөн 2009 онд ашиглалтын тусгай зөвшөөрөл авчээ. 2008 онд “Айвенхоу майнз”-тай тайлангаа нэгтгэн гаргах зөвшөөрөл хүсэж, 2009 онд авсан аж. 2013 оны дөрөвдүгээр сард “Онтрэ” компани Оюутолгойн бүлэг ордын хил хязгаарыг яаралтай тогтоож өгөөч гэсэн хүсэлтийг тухайн үеийн Уул уурхайн сайд Д.Ганхуягт тавьсан байна. Үүнийг нь сайд тав хоногийн дотор л биелүүлсэн албан бич­гийг шинжээч үзүүлэв. Энэ мэтээр манай төрийн байгууллага уг компанид маш уриалгахан, шуурхай хандаж иржээ. Гэхдээ уг компани хуулийн холбогдох зарим шаардлагыг биелүү­­лээгүй байхад л зөвшөөрлийг сунгаад, хүсэлтийг биелүүлээд байжээ. Өөрөөр хэлбэл, манай ал­бан тушаалтнууд ч хууль зөрчсөн байна. Мөн жижиг компани, бага татвар төлж байсан атал 2016 оноос “стратегийн ордын ашиглал­тын лиценз эзэмшдэг” учраас том татвар төлөгчөөр тооцсон, үүнээс хойш энэ чиглэлийн хяналт, шалгалт хийгээгүй аж.
Энэ хэсэгт гэрчээр Эрдэс баялгийн сайд асан Д.Зоригт, Уул уурхайн сайд асан Д.Ганхуяг, Сангийн сайд асан С.Баярцогт тэргүүтэн иржээ. Төрийн байгууллагын тухайн үеийн шийдвэр гаргасан дарга, албан тушаалтнуудын олонх нь үйл явцыг санахгүй байгаагаа хэлж байв. Харин С.Баярцогт чемодан дүүрэн ба­­римттай ирж, өдөр, сартай нь ярьсан.
О.БАТНАЙРАМДАЛ (УИХ-ын гишүүн): -Дээрх хоёр компанийн тайланг нэгтгэж гаргах хүсэлтийг АМГТГ-ын дарга Билэгсай­­ханд албан тоотоор хоёр талаасаа хүргүүлсэн. Үүнийг нь зөвшөөрч, Геологийн албаны дарга Д.Жавхланболд гарын үсэг зурсан байна. Эндээс олон зүйл хөврөх нь. Яагаад ийм шийдвэр гаргав. ЭБМЗ-өөс асуусан байхад яагаад та өм­­нөөс нь шийдвэр гаргав. Даргадаа болон дээрх зөв­­­­лөлд танилцуулж, зөвшөөрөл авсан юм уу?
Д.ЖАВХЛАНБОЛД (АМГТГ-ын Геологийн албаны дарга асан): -18 жилийн өмнөх үйл явц яг яаж явсныг нарийн санахгүй байна. Тухайн үед ирүүлсэн хүсэлтийг Билэгсайхан даргаас над руу цохоод, зөвлөлдөөд хариуг нь би гаргасан байна. Уг хоёр орд нь хиллэдэг. Мөн Газрын хэвлийн тухай хуу­­лийн холбогдох заалтад аливаа ордыг цогцоор судлахаар зохицуулсан. Үүний дагуу шийдсэн. Тэр үед ЭБМЗ-ийн даргыг АМГТГ-ын дарга нь хийдэг байсан. Тиймээс зөвлөлдөж, яриад л шийдсэн.
О.БАТНАЙРАМДАЛ: -Таны албан бичигт нэг ч хуулийн заалт алга, “бараг хил залгаа орд учир” гэж бичсэн байна. Манай түр хороо бол ЭБМЗ-өөс тод­руулга авсан баримт олоогүй.
БИЛЭГСАЙХАН: -Албан тоот байгууллагын даргын нэр дээр ирдгийг харьяалсан газарт цохоод шилжүүлсэн. Д.Жавхланболд дарга будилаад байх шиг байна. Хариуг өөрөө мэдээд л гаргах ёстой. Түүн дээр би тэг ингэ гэж зааварласан зүйл байхгүй.
С.БАЯРЦОГТ (Сангийн сайд асан): -Түр хороо, ч хариулж буй хүмүүс ч ойлголтын их зөрүүтэй байна. “Онтрэ” бол 2009 онд хийсэн гэрээний оролцогч тал огт биш. Дээрх хоёр компанийн хооронд хийсэн гэрээ бол ашиг хуваах тухай. 2008 оны аравдугаар сарын 9-нд бид хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан юм. Үүнээс зургаан сарын дотор бусад бэлтгэл ажлаа хангасан. 2010 оны гуравдугаар сард ТЭЗҮ-ээ баталж, гэрээ хүчин төгөлдөр болсон. 2011 оны наймдугаар сарын 31-нд ил уурхайн ажил эхэлсэн. Тиймээс ТЭЗҮ-гүйгээр бүтээн байгуулалтын ажил эхэлсэн гэдэг нь маш буруу ойлголт шүү.
Д.ЗОРИГТ (Эрдэс баялгийн сайд асан): -Гэрээнд гарын үсэг зурснаас хойш тодорхой хугацаанд ТЭЗҮ хэлэлцээд, үнэлээд хүлээж авсан, тэгж байж хүчин төгөлдөр болно гэсэн нөхцөлтэй байсан. Хөрөнгө оруулалтын гэрээ бай­­­гуулах, нөөц хүлээж авах, “Оюутолгой”, “Ондрэ” хоёрын хоорондох гээд бүгд тусдаа гэрээ шүү.
ДАВААЦОГТ (АМГТГ-ын Геологи, уул уурхайн кадастрын газрын дарга асан): -2009-2012 онд би ажилласан. Тиймээс хайгуулын хоёр гэрээг нь би сунгасан байна. Үүнд хуу­­лийн ямар нэг зөрчил байхгүй гэж үзэж байгаа.
С.БАЯРЦОГТ: -Бид “Онтрэ”-гийн 34 хувийг эзэмшихээ тэд­нээс, эсвэл “Оюутолгой” ХХК-иас асуухгүй. 2007 онд баталсан стратегийн ордын жагсаалтад тодорхой бий. Засгийн газар саналаа оруулж, УИХ батлаад л уг компанийн 34 хувь манай улсын мэдэлд шилжинэ. Үе үеийн УИХ, Засгийн газар ажлаа хий. Хөрөнгийн гэрээнд зөвхөн ашиг хуваах талаар л тусгасан. Уг ордыг ашиглахад “Онтрэ” нэг ч төгрөг гаргаагүй юм.
Гэрчээр дуудагдсан “Оюутолгой” ХХК-ийнханд гишүүд “Энэ боломжийг ашиглаад бодит мэдээллээ өг. Эргэлзээг арилга” гэж зөвлөөд ч нэмэр болсонгүй. Гүйцэтгэх захирал нь “Аль болох нээлттэй ярьж байна” гэсэн ч тэр нь хязгаарлагдмал, ерөнхий байлаа. Мөн дээрх хоёр компани мэдээллээ “нууц” гэсэн тамгатай өгсөн нь хардлага дагуулж буй юм. 10 гаруй жилийн өмнө төрийн байгууллагын удирдах алба хашиж байсан эрхмүүд бэлтгэлгүй, үйл явцыг мартсан тохиолдол нь их байлаа. Юутай ч эхний өдрийн сонсгол ийнхүү өндөрлөв. Энэ сарын 10, 12-нд сонсгол үргэлжилнэ. Үүнд нийт 300 гаруй хүнийг гэрчээр дуудсан юм.

https://www.unuudur.mn/a/279156