|

Г.Занданшатар, У.Хүрэлсүх нарын зөрчил илрэв үү

-Ёс зүйн дэд хороогоор Ө.Энхтүвшин сайдын ёс зүйг хэлэлцэнэ-

УИХ-ыг тарааж, Ерөнхийлөгчийн засаглалтай болох нууцхан шивнээ яригдаж буй энэ үед Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нар зөрчилдсөн гэх мэдээллийг бататгах үйл явдал боллоо.

Болсон үйл явдлыг товчхон өгүүлбэл, чуулганы өнгөрсөн баасан гарагийн хуралдаанаар намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг батлахдаа Засгийн газраас өргөн мэдүүлсэн асуудлыг багтаагаагүй нь Шадар сайд Ө.Энхтүвшингийн бухимдлыг төрүүлэв.

Тэрбээр хуралдааны ирцийг бүрдүүлэхгүйн тулд сайд нарт картаа сугалахыг үүрэгджээ. Ингээд хуралдааны дундуур сайд нарын картыг сугалж, санал хураалтад оруулахаас татгалзсан байна.

Харин энэ үйлдэлд УИХ-ын дарга Г.Занданшатар эгдүүцэн гишүүдийн картанд дур мэдэн гар хүрч болохгүй, энэ нь гишүүний ёс зүйн хариуцлагатай холбоотой гэдгийг хэлж, сайд нарын нөөц картаар санал хураалт явуулахыг даалгасан юм. Энэ талаарУИХ-ын гишүүн, Шадар сайд Ө.Энхтүвшин"Засгийн газраас өргөн барьсан асуудлыг яаралтай хэлэлцэж өгөөч гэхэд оруулахгүй байна.

Энэ бол Зам-Үүдийн чөлөөт бүстэй холбоотой асуудал. Би өнгөрсөн зургаадугаар сард гарын үсэг зурсан. Хуульд нийцүүлэх ажлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр яриад тохирчихсон зүйл.

30 орчим жил урагшлаагүй ажлыг явуулъя л гэсэн. Азийн хөгжлийн банк 30 сая ам.доллар өгөхийн тулд энэ шийдвэрийг харж байгаа. Засгийн газар энэ асуудлыг шийдэж өгөхийг хүссэн ч УИХ хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулсангүй. Надад хувийн сонирхол алга. Намайг Шадар сайдаар томилохдоо энэ ажлыг хий гэж томилсон. Миний гишүүдийн картыг сугалсан нь үүнтэй холбоотой. Засгийн газар өргөн мэдүүлсэн төсөл гээд байхад хэлэлцэхгүй гэж эсэргүүцээд байгаа учраас би ингэсэн юм” гэж тайлбарлав.

Харин УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы хуралдааны төгсгөлд Засгийн газрын гишүүдээс УИХ-д хүндэтгэлтэй хандахыг шаардаж, гишүүдийн картанд зөвшөөрөлгүй халдахыг зөвшөөрөхгүй гэдгээ хатуухан хэлсэн юм.

Улмаар Ёс зүйн дэд хороог хуралдуулж, Ө.Энхтүвшин сайдын карт сугалсан асуудлыг хэлэлцүүлэхээр үүрэгджээ. Үүний дагуу УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнээр ахлуулсан Ёс зүйн дэд хороо өнөөдөр хуралдаж, Ө.Энхтүвшин сайдын ёс зүйн асуудлыг хэлэлцэхээр товоо гаргасан байна. Болсон үйл явдал ерөнхийдөө ийм ч төрийн өндөрлөгүүдийн зөрчил үүгээр илэрч буйг улс төрийн хүрээнийхэн хэлж байна.

УИХ-ыг тарааж, ээлжит бус сонгууль явуулахаар зэхсэн энэ үед парламентын спикер ингэх нь ч аргагүй. Муу ч, сайн ч УИХ-ыг толгойлж буй хүний хувьд хариуцсан ажлыг нь хөндлөнгөөс нураахыг зүгээр харж суухгүй. Бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө УИХ тарвал цаашид Засгийн газар шиг тогтворгүй парламенттай болохыг үгүйсгэхгүй.

Тэгээд ч Г.Занданшатарын толгойлсон УИХ бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө тарсан анхны парламент боллоо гэж түүхэнд хараар тэмдэглэгдэн үлдэнэ. "Муудаа л ангиа тараалаа” гэх шүүмжлэл түүний цаашдын карьерт ч нөлөөлөх эрсдэлтэй.

Энэ цонхоор харвал УИХ-ын дарга Г.Занданшатар өндөрт гарсан нэр хүндээ хэвээр нь хадгалж, дараагийн сонгуульд ялах хүсэлтэй Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Ерөнхийлөгчийн засаглалтай болж, хаан болох "мөрөөдөл”-тэй Ерөнхийлөгч Х.Баттулга нартай зөрчилдөх нь мэдээжийн хэрэг. Тиймдээ ч цаашид тогтвортой ажиллаж, парламентын засаглалаа төгөлдөржүүлэх өөрийн саналаа хэлээд амжсан.

Тэрбээр "Сүүлийн үед парламент руу дайрах халдлага их байгаа. Дэлхий нийтэд парламент нь нэр хүндгүй байдаг. Тиймээс парламентын ардчиллын өлгий нутаг Их Британийн Ерөнхий сайд Уинстон Черчилль "Ардчилал бол төгс төгөлдөр зүйл биш. Парламент муу нэртэй. Гэхдээ үүнээс сайн тогтолцоог хүн төрөлхтөн бодож олж чадаагүй байна” гэж хэлсэн байдаг.

Үе үеийн парламент өөрийн түүхийг бүтээж, улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн. Тиймээс парламентын засаглалыг бэхжүүлэхийн төлөө хийсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд улс төрийн бүх намыг хамтарч ажиллахыг уриалж байна.

Парламентын засаглалаа бэхжүүлэх, тогтворжуулахад чиглэгдсэн нэмэлт, өөрчлөлт болсон гэдгийг онцлон хэлье. Парламентын засаглалыг бэхжүүлэхийн төлөө УИХ-даа хүндэтгэлтэй хандаж, санал санаачилгыг дэмжихийг уриалъя” гэсэн нь Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжихгүй, парламентын засаглалыг унагахгүй, УИХ тарахгүй гэсэнтэй агаар нэг сонсогдож буй.

Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд УИХ-ыг тарааж, ээлжит бус сонгууль явуулах нь түүний толгойлж буй МАН-д ашигтай гэж үзэж буй гэх. Дараагийн сонгуульд МАН-ын хөлд том тээг болох ЖДҮ-чдээ хаацайлах биш эсрэгээр нь туг тахиж намын нэр хүндээ хамгаалах нь гэсэн таамаг ч аль хэдийнээ гарсан. Үүний илрэл нь УИХ-ын гишүүн Б.Батзориг тэргүүтэй арав гаруй гишүүний хэргийг АТГ-аас шүүх рүү шилжүүлсэн асуудал байна.

Цаашид шүүхээс гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг шаардсан албан бичгүүд УИХ-ын Тамгын газарт цуварч ирэх талаар ч эх сурвалжууд хэлж байгаа юм. Харин УИХ-ын даргад сонгууль болохоос өмнө гишүүдээ авч үлдэх, парламентын нэр хүндээ хадгалан үлдэх гээд үүрэх ачаа нь нэмэгдэнэ. Энэ хэрээр нэгэн цагт хүзүү сээрээрээ холбогдсон эрхмүүдийн зам салж, эрх ашгийн зөрчил нь гүнзгийрч мэднэ.

Харин Ард нийтийн санал асуулгаар дамжуулан иргэдээр Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжүүлэх, улмаар УИХ-ыг тарааж, дараагийн УИХ-аар шинэ Үндсэн хууль батлуулах зураглалаа гаргасан Ерөнхийлөгчийн тоглоом ил болсон.

Гэхдээ түүний тоглоом хууль зөрчсөн гэх эсэргүүцэлтэй тулгарсан учир "Зүгээр л санал байсан” гэдгээ УИХ-д албан бичгээр мэдэгдчихсэн байгаа. Учир нь, Ерөнхийлөгч засаглалын хэлбэрийг өөрчлөхөөр ард нийтийн санал асуулга явуулах бол хуулийн төслөө боловсруулж, холбогдох байгууллагуудын санал, үзэл баримтлал, танилцуулгатай нь өргөн мэдүүлэх учиртай.

Тиймээс засаглалын хэлбэрийг иргэдээс асуух түүний санап одоогоор мухардалд орсон гэхэд болно. Гэхдээ хэт олон хэдий ч хэтэрхий их сул талтай МАН-ын гишүүдийг хэрхэн "барьцаалж” хөдөлгөх нь өнгөрсөн нэг жилийн үйл явдлуудаас тод харагдаж буй.

Эхнээсээ ЖДҮХС-гийн хэргийг сөхөж, өндөр өртөгтэй, явц удаантай төслүүдийг хөндөнө. Зам харгуйн засвар, шинэчлэл удааширсан, авто замын түгжрэл, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээг нэмсэнгүй гээд баалуулах шалтаг МАН-д олон бий. Тиймээс эрх ашгаа биш эв нэгдлээ сонгохгүй бол эрх баригчид түүхэнд хараар тэмдэглэгдэх вий.

Б.Цэнд-Аюуш

Эх сурвалж: "Үндэсний шуудан” сонин