2016 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн Засгийн газрын тогтоолоор энэ сарын 11-ээс эхлэн хөдөө орон нутагт интернетийг үйлчилгээг Улаанбаатар хоттой ижил үнээр хүргэхээр болсон байна. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр /2016.04.06/ Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, холбогдох албаны хүмүүс "Цахим хурал”-аар дамжуулан мэдээлэл хийв.
Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй байгууллага, өрх 1mbps интернэтийг 13 мянган төгрөгөөр ашиглаж байхад орон нутгийн иргэд 55 мянга, байгууллагууд 75 мянган төгрөгөөр худалдан авч байна. Орон нутгийн иргэд хотынхны хэрэглэж байгаас 4-5 дахин бага хурдтай интернэтийг 4-5 дахин илүү үнээр хэрэглэж байсан байна.
Интернэтийн үйлчилгээний хурд, багтаамж хөдөө орон нутагт хоёр дахин нэмэгдсэн, энэ сарын 11-нээс нийслэл хотынхтой ижил үнэ тариф мөрдөж эхэлнэ гэж Монголын цахилгаан холбоо ХК-ийн гүйцэтгэх захирал Т.Батмагнай хэллээ.
Ийнхүү интернэтийн үйлчилгээг ижил, үнэ тарифаар хүргэх нөхцөлийг бүрдүүлж, орон нутгийн иргэдийн мэдээлэл авах эрхийг хангах талаар Засгийн газраас холбогдох арга хэмжээг авч, орон нутагт интернетийг "Ижил үнэ-Тэгш хурд”-аар өгөх боломж бүрдлээ.
2016 онд хэрэгжүүлэх авто замын бүтээн байгуулалтын ажлыг энэ сарын 18-нд эхлүүлэхээр төлөвлөж байна. Дорнод, Завхан, Ховд, Сэлэнгэ, Орхон аймагт автозам, гүүрийн барилгын ажлын нээлтийг орон даяар шууд дамжуулахаар бэлтгэж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллэв.