Монгол Улсын иргэн төрийн захиргааны албанд анх орохдоо төрийн захиргааны албан хаагчийн тангарагийг ёс төртэйгээр өргөдөг уламжлалтай. Энэхүү уламжлалын дагуу өнөөдөр /2016.04.07/ Дархан-Уул аймгийн төрийн албанд ажиллах өндөр босгыг бүрэн хангасан 27 албан хаагч Монгол Улсын төрийн захиргааны албан хаагчийн Тангараг өргөлөө. Төрийн албан хаагчийн Тангараг өргүүлэх Ёслолын үйл ажиллагаанд аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дарга Ц.Сүхбаатар, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн гишүүд болон хэлтэс, агентлагийн удирдлагууд оролцсон юм.
Монгол Улсын Төрийн албаны тухай хууль, "Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ын дагуу Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх болзол хангаж аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимын зохион байгуулагч Б.Болорцэцэг, Аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Ж.Гантөмөр, Дархан сумын ЗДТГ-ын мэргэжилтэн Ж.Энхцэцэг, Орхон сумын байгаль хамгаалагч Б.Төмөрхуяг, Хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтэн Д.Ундрах, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Ц.Нямдорж, Хонгор сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Д.Адъяа нарын нийт 27 албан хаагч тангараг өргөн, "Эх орон, ард түмнийхээ төлөө, эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг, чанд сахиж, албан үүргээ, үнэнч шударгаар биелүүлэхээ батлан тангараглалаа. Манай улсад 1995 оноос Төрийн албан хаагчид тангараг өргөж эхэлсэн байна. Ийнхүү Төрийн жинхэнэ албан хаагчын тангараг өргөж, улс орон, ард түмнийхээ төлөө үнэнчээр зүтгэх чин хүслээр дүүрэн байгаа албан хаагч залуустаа баяр хүргэж, ажлын амжилт хүсье.