|

Засгийн газар Олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж эхэллээ

"Бүх америкчууд юу хүсч байна, түүнийгээ бичих эрхтэй"

Дотоодынхоо хууль тогтоомжийг уландаа гишгэлсээр өдий хүрсэн У.Хүрэлсүхийн Засгийн газрын дур зорго хэр хэмжээнээс хэтэрч, Олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ хүртэл умартахад хүрлээ.

Түүний нэг илрэл нь саяхан Засгийн газраас УИХ-д өргөн барьсан Эрүүгийн багц хуулийн төсөл болов. Эрүүгийн  багц хуулийн төсөлд багтсан Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Зөрчлийн хуулийн 6.21-д бичигдсэн "гүтгэх” зөрчлийг эрүүгийн гэмт хэрэг болгон бичсэн байна.

Сүүлийн хоёр өдөр дээрх хуулийн төсөл болон хэвлэл мэдээллийн эрх чөлөө, иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хязгаарласан уг заалтыг тойрсон хэлэлцүүлэг хууль санаачлагч болон хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчдийн дунд өрнөж байгаа ч хууль тогтоогчид болон хууль санаачлагчдын зүгээс нааштай уур амьсгал мэдрэгдэхгүй байна.

Хоёр өдрийн өмнө УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос зохион байгуулсан Эрүүгийн багц хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэгт МСНЭ-ээс төлөөлөл оролцож, төслийн заалт дээр эсрэг байр сууриа илэрхийлсэн авч, хэлэлцүүлгийг зохион байгуулагчдын зүгээс өчүүхэн төдий ч ач холбогдол өгч байгаа зүйл анзаарагдсангүй.

Хэлэлцүүлгийг удирдаж байсан цөөнхийн гишүүн О.Баасанхүү хүртэл Засгийн газрын талд орчихсон "Сэтгүүлчдэд гүтгэх эрхтэй, бусад нь гүтгэж болохгүй гээд биччихье” гээд сууж байхыг харваас зөвхөн Засгийн газар гэлтгүй, хууль тогтоогч нар нь хүртэл хүний эрхийн наад захын мэдлэг, мэдрэмжгүй болтлоо хөшиж хоцрогдсоны шинж биз.

Уг нь хэвлэл мэдээллийн эрх чөлөө гэдэг иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, аливаа мэдээллийг улс төрийн болон өөр бусад цензургүйгээр шууд хүлээн авах эрхэд суурилсан иргэний үндсэн эрх. Өөрөөр хэлбэл, хэвлэл мэдээллийн эрх чөлөө болон үзэл бодлоо илэрхийлэх болон үг хэлэх иргэний эрх чөлөө хоёр нэг юм. Тиймдээ ч сая УИХ-д өргөн барьсан Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд энэ хоёрыг яг адилхан авч үзэж, хоёуланд нь "гүтгэх” гэмт хэргээр ял, хариуцлага тооцохоор хуулийн заалтыг боловсруулсан байна.

Тодруулбал, төслийн 13.14-т "Гүтгэх” гэмт хэргийг бичихдээ:   

1.Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдаж илт худал мэдээллийг нийтийн сүлжээгээр тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

2.Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдаж илт худал мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэсэн байна.

Хууль санаачлагчийн зүгээс энэ заалтын талаар "Үндсэн хуульд заасан хүний нэр төр, алдар хүндийг хамгаалахад чиглэсэн, Үндсэн хуулийн зарчимд нийцүүлсэн” хэмээн тайлбарлаж байгаа ч үнэн хэрэгтээ тийм биш юм. Учир нь энэ эрхийг хамгаалсан хуулийн зохицуулалт манай хууль тогтоомжид аль хэдийнээ суусан байдаг.

Тухайлбал, 1992 онд баталсан Монгол Улсын Үндсэн хуульд "Хүний эрх, нэр төр, алдар хүнд, хувийн нууцыг хуулиар хамгаална” гэсэн байна.

Энэ дагуу 2002 онд баталсан Иргэний хуулийн 21 зүйлд "Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хамгаалах” гэсэн гарчигтай бүхэл бүтэн зүйл анги бий. Тэнд

-"Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ”,

-"Бодит баримтыг бүрэн гүйцэд мэдээлээгүйгээс, эсвэл буруу мэдээлснээс бусдын нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан бол энэ хуулийн 21.2-т заасан журмаар няцаах үүрэг хүлээнэ”,

-"Иргэний энэ эрхийг зөрчсөн этгээд бусдад учруулсан гэм хорыг хохирогч буюу сонирхогч этгээдэд энэ хуулийн 497 /Гэм хор учруулснаас хариуцлага хүлээх үндэслэл/, 511 /Эдийн бус гэм хорыг арилгах/ дүгээр зүйлд заасан журмын дагуу арилгана” гээд заачихсан. Эдийн болон эдийн бус хохирлыг хоёуланг нь арилгах үүрэгтэй.

Тэгэхээр Эрүүгийн хуульд нэмэлтээр орж ирж байгаа "гүтгэх” гэмт хэрэг иргэний эрх буюу нэр төр, алдар хүндийг хамгаалахад чиглээгүй болж таарч байна. Харин эсрэгээрээ төрийн нэрийн өмнөөс иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх /үзэл бодолтой байх/, хэвлэн нийтлэх эрхийг хязгаарлахад чиглэсэн хаалт, хавчлага болж хувирлаа.

Түүгээр ч зогсохгүй хуулийн энэ өөрчлөлт нь Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүрэг амлалтаа зөрчихөд хүргэж байна.

Сануулахад НҮБ-ын Ерөнхий Ассамблэйгээс 1966 онд баталж, Монгол Улс 1974 онд соёрхон баталсан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт гэж бий. Пактын 19-р зүйлд

1. Хүн бүр үзэл бодлоо ямар ч хорио саадгүй баримтлах эрхтэй.

2. Хүн бүр санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй; энэ эрхэнд төрөл бүрийн мэдээлэл болон үзэл санааг улсын  хил хязгаарыг үл харгалзан амаар, бичгээр эсхүл хэвлэлийн буюу уран сайхны аргаар эсхүл өөрийн сонгосон бусад аргаар эрж хайх, хүлээн авах, түгээх эрх чөлөө багтана.

3. Энэ зүйлийн 2 дахь хэсэгт дурдсан эрхийг эдлэх нь онцгой үүрэг, хариуцлага оногдуулна. Тийм учраас түүнийг зарим талаар хязгаарлаж болох боловч тэр нь заавал хуулиар тогтоогдсон байх ёстой бөгөөд дараахь шаардлагаас үүдэн гарсан байх ёстой

а/ бусдын эрх, нэр төрийг хүндэтгэх;

b/ үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, хүн амын эрүүл мэнд, ёс суртахууныг хамгаалах” гэсэн байна.

Өөрөөр хэлбэл, хувийн нууц, төрийн нууц, үндэсний аюулгүй байдлын асуудал гэх мэт хуулиар хязгаарлагдсан зүйлийг хэлж байна л даа. Хувийн нууц, төрийн нууцад юу хамаарах, ямар асуудал үндэсний аюулгүй байдалд харшлах гэх мэт нь хуулиар заагдчихсан байгаа болохоор энд нурших нь илүүц биз.

2015 онд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс Монгол Улсын хүний эрхийн байдалд /дээр хэлсэн үг  хэлэх, үзэл бодолтой байх, хэвлэн нийтлэх эрх ч бас хамаатай/ үнэлгээ хийгээд тодорхой зөвлөмж өгсөн байдаг юм. Тэнд нь ...Нэр төртэй холбоотой "гүтгэх” заалтыг Эрүүгийн хуулиас хасах... гээд биччихсэн байгаа. Тэгээд ч манайх Иргэний хуулиараа хамгаалчихсан байгаа шүү дээ.

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн дээрх зөвлөмжийн Монголын Засгийн газар 2015 онд хүлээж аваад амлалт авчихсан. 2002 оны Эрүүгийн хуульд байсан "Гүтгэх” гэмт хэргийг 2017 оны Эрүүгийн хуулиас хассан нь ийм учир шалтгаантай. Түүнээс биш Ж.Эрдэнбатын Засгийн газар илүү "ухамсар бүхий” байгаад, эсвэл сэтгүүлчдэд тал засах гээд аваад хаячихсан ч юм биш. 

Ийм ярвигтай, урт удаан хугацааг туулж байж хүрсэн үр дүнг У.Хүрэлсүхийн Засгийн газар буцааж, ухраах гэж байна даа. Ингэвэл сэтгүүлчдэд, хэвлэл мэдээллийн байгууллагад, иргэддээ ад үзэгдээд зогсохгүй гадагшаа олон улсад ч муухай харагдах нь тодорхой.

Ийм ярвигтай, урт удаан хугацааг туулж байж хүрсэн үр дүнг У.Хүрэлсүхийн Засгийн газар буцааж, ухраах гэж байна даа. Ингэвэл сэтгүүлчдэд, хэвлэл мэдээллийн байгууллагад, иргэддээ ад үзэгдээд зогсохгүй гадагшаа олон улсад ч муухай харагдах нь тодорхой.

Учир нь бусад улсын хууль зүйн практикт "гүтгэх” гэдэг гэмт хэрэг байдаггүй. Гүтгэх гэдгийг шүүхэд худал мэдүүлэх /гэмт хэрэгт гүтгэх/ гэж ойлгож, тэгж хуульдаа бичдэг. 2015 онд Эрүү, Зөрчлийн хуулийг анх батлахдаа яг энэ агуулгаар нь хуульд бичсэн байсныг 2017 онд өөрчлөөд "нэр төр гутаах, доромжлохыг гүтгэх гэнэ” гээд биччихсэн. Тэгээд одоо "тэнэг, мангар” гэсэн тоолонгоор нэр төр нь гутсан улстөрчид цагдаа руу өргөдөл бариад гүйдэг болсон.

Тэр нөхрийг "тэнэг” гэж үзэж байгаа нь ч гэсэн тухайн хүний үзэл бодлын асуудал юм л даа, уг нь. Наад захын логикоор бодоход "гүтгэх”  гэдэг нь хэлээгүйг хэлсэн, хийгээгүйг хийсэн болгоно оо л гэсэн үг. Түүнээс биш "Чи яасан эргүү, тэнэг үхэр вэ” гэхээр "би үхэр биш, би ухаантай” гээд заргалдаад байж болохгүй. Яг ийм заргаар УИХ-ын гишүүд, сайд дарга нар ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албыг залхааж байна. Тэгээд цаадуул нь "Eрөнхийлөгчийн гомдлыг барагдуулахад хууль ямар хамаатай юм бэ!” гээд яллаж байна л дээ.

Уг нь бол тэр хүнийг "төрийн хутгуур” гэсний төлөө олон нийтийн аюулгүй байдал алдагдана ч гэж юу байхав. Гудамжинд зарим нь дэмжээд алга ташиж байгаа шүү дээ. Харин ч эсрэгээрээ хамгийн их гүтгэлгийг зохион байгуулдаг, санхүүжүүлдэг хүмүүс нь улстөрчид өөрсдөө. Нэр хаяггүй, хуурамч пэйж хуудас нээгээд, троллуудыг хэдэн зуугаар нь худалдаж аваад бие биенээ дуртайгаараа гүтгэдэг. Түүнийг нь уг нь Эрүүгийн цагдаа, кибер гэмт хэрэгтэй тэмцэх тасаг энэ тэр нь шалгаад тогтоочихмоор байгаа юм.

Энэ бол үзэл бодолтой, итгэл үнэмшилтэй байх иргэний эрх, хэвлэл мэдээллийн эрх чөлөөнөөс огт өөр зүйл. Сүүлийн 2-3 жилд Монгол Улс хэвлэл мэдээллийн эрх чөлөөний индексээр дэлхийн улс орнуудаас тогтмол сүүл мушгиж байгаа. Одоо Эрүүгийн хуулийн энэ өөрчлөлт батлагдчихвал жинхэнээсээ адагт очих нь тодорхой.

Б.Сэмүүн

Эх сурвалж: inews.mn