|

Алдагдалтай баталсан төсөвтөө орлогын эрсдэлээ тооцоолсонгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2020 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж 75 хувийн саналаар энэ сарын 13-ны өдөр баталлаа. Батлагдсан төсвийн хүрээний мэдэгдэлд ирэх онд төсвийн алдагдал 2.1 их наяд төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувьтай тэнцэхээр байгаа.

2020 оны төсвийн төсөлд татварын нийт орлого энэ оны батлагдсан дүнгээс 2.0 их наяд төгрөгөөр буюу 24 хувиар нэмэгдүүлсэн. Өөрөөр хэлбэл өмнөх оноос 10.6 их наяд төгрөгөөр илүү орлого төвлөрүүлнэ гэсэн үг. Үүнээс 26 хувийг орлогын албан татвар, 25 хувийн нэмэгдсэн өртгийн албан татвар, 9.0 хувийн онцгой албан татвар, үлдсэн 17 хувийг бусад татвараар бүрдүүлэхээр тооцжээ. Төсвийн энэхүү 2.1 их наяд алдагдлыг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Татварын багц хуулийн хүрээнд орлого төвлөрүүлэлтээс хамаарах болж байгаа юм. Гэхдээ хуулийн хэрэгжилтээс хамаарч татварын орлого төвлөрүүлэлтийн гүйцэтгэл шалтгаалах учраас үүнийг эрсдэлтэй төсөөлөл хэмээн эдийн засагчид үзэж байсан юм. 2019 онд нүүрс, зэсээс олох орлогыг өндрөөр төсөөлсөн. Оны эхний есөн сарын гүйцэтгэлээр 36 сая тонн нүүрс экпортлосноос харвал оны төгсгөлд төлөвлөсөн 42 сая тоннд хүрэхээргүй байгааг Гаалийн ерөнхий газрын мэдээнд дурьдсан байна. Энэ оны гүйцэтгэл хангалтгүй байхад 2020 онд мөн 42 сая тонн нүүрс экспортолж уул уурхайн бусад бүтээгдэхүүнээс олох  орлогыг нийт 3.1 их наяд төгрөгөөр буюу хэт өндөрөөр төсөөлсөн.

Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан нүүрс болон зэсийн үнийн хэлбэлзэл өндөр байгаа нь ирэх оны төсвийн орлогын голлох эрсдэл болохоор байна. Зэсийн үнэ өнгөрсөн оноос буурсан. Цаашид 2023 он хүртэл үнэ өндийх төлөвгүй байгааг шинжээчид хэлсээр байна. Уул уурхайн бүтээгдэхүүндээ гол найдвараа тавьдаг манай улсын хувьд татварын голлох орлого тасрахаар байна. Гадаад орчны нөлөөллөөс болж төсвийн орлого тасарч, алдагдал улам тэлэхээр байгааг эдийн засагчид шүүмжилсээр. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ирэх онд 28.3 хувиар өсч 1.9 төгрөгийн орлогыг төсөвт төвлөрүүлнэ. Гэвч шинээр хэрэгжих Татварын багц хуульд ашигт малтмалын лиценз худалдсаны, эрх шилүүлэхээс орж ирэх орлого 30 хувь байсан бол 10 хувь болгож бууруулсан нь энэ салбарын багагүй хувийг бүрдүүлж буй татвар огцом буурахаар байна. Түүнчлэн жилийн гурван тэрбум төгрөгөөс дээш орлоготой аж ахуйн нэгж 20 хувийн татвар төлдөг байсан бол шинэ хуулиар 10 хувь болгож бууруулсан. Хэдийгээр зургаан тэрбум төгрөгөөс дээш орлоготой аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 25 хувь хэвээр байгаа ч нийт татвар бүрдүүлэгч аж ахуйн нэгжийн 80 хувь болох жижиг аж ахуйн нэгжийн орлогын албан татвар буурахаар байгааг бизнесийн зөвлөх, эдийн засагч С.Эрдэнэтулга онцолж байна. Нөгөөтэйгүүр гурван тэрбум орлоготой аж ахуйн нэгж тийм ч олон биш. Дээр нь АМНАТ-ийг үгүй болгосон.

Үүнээс 1.3 их наяд төгрөгийн орлого тасарна гэж Сангийн сайд хэлсэн.  Тиймээс богино хугацаанд эдгээр алдагдлыг нөхөх шинэ төрлийн татварыг бий болгох талаар Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд ерөнхийлөгч, эдийн засагч С.Эрдэнэбат байр сууриа илэрхийлэв. Татварын ерөнхий газрын  татварын орлогын газрын дарга Д.Цогтжаргал "Татварын шинэ хууль хэрэгжсэнээр татварын хувь хэмжээ ирэх онуудад буурна. Гэхдээ ирээдүйд татвараас зайлсхийгчид хуулийн шинэчлэлтээр үгүй болж татвар төлөгчдын тоо нэмэгдэх ач холбогдолтой. Энэ онд Татварын алба улс, орон нутгийн төсөвт нийт 5.4 их наяд төгрөгийн татварын орлого төвлөрүүлэхээр ажиллаж байгаа бол ирэх жил 6.2 их наяд төгрөгийн татварын орлого төвлөрүүлэх төслийг Сангийн яамнаас УИХ-д өргөн барьсан. Хэдийгээр татварын шинэ хууль хэрэгжсэнээр татварын хувь хэмжээ буурч, татварын орлого тодорхой хэмжээгээр буурахаар байгаа боловч татварын хууль эрх зүйн орчны болон татварын албаны шинэчлэлийн бодлогын нөлөөгөөр аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа өргөжин, борлуулалтын орлого нэмэгдэж, ашигт ажиллагааны түвшин сайжрахын зэрэгцээ Татварын албанаас татварын суурийг өргөжүүлэн татварт хамрагдалтыг нэмэгдүүлэх замаар татварын орлого нэмэгдэнэ гэж тооцож байна” гэлээ. Гэвч орлогын хэт өндөр төсөөлөл эрсдэлтэй гэж эдийн засагч Ж.Дэлгэрсайхан, Г.Ганзориг нарын байр сууриа илэрхийлж байна.

Экспертийн үг

Санхүү эдийн засгийн багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайхан:

Ирэх оны төсвийн алдагдал өсөхөөр байна

-Төсвийн тусгай шаардлага гэж байдаг. Төсвийн орлого, зардлын өсөлтийн харьцааг энэ шаардлагаар зохицуулдаг. Ирэх оны төсвийг сонгуульд зориулсан. Улстөрийн зорилготой төсөв гэж нэрлэж байгаатай санал нэг байна. Тэгэхээр зардал болон ДНБ-ийг нэмэгдүүлэхийн тулд орлогоо хэт өндөрөөр төсөөлөхөөс өөр аргагүй. Цаад сэдэл нь зардал гэж харж байна. Орлогыг өндөр төлөвлөснөөр зардал нэмэгдэж орлого төвлөрүүлэх тухай  Монгол Улсын төсвийн хуулиар хуульчилсан. Тиймээс үе үеийн Засгийн газар, УИХ өндөр орлогыг баталж ирсэн. Нэг нь төлөвлөж нөгөө нь баталдаг. Энэ нь төсвийг цаашид тэлэх сэдэлтэй гэж харж байна.

2020 онд төсөвт хэд, хэдэн эрсдэл байгаа. Дэлхийн эдийн засаг хямарч болзошгүй. Хямрал нь ялангуяа 2020 онд болно гэдгийг олон улсын байгууллага анхааруулж эхэллээ. Хятадын эдийн засаг түүхэндээ сүүлийн 30 жилд хамгийн доод төвшинд буюу 6.0 хувьд хүрлээ. Хүнд үйлдвэрийнхээ талаар бодлогоо өөрчилж болзошгүй. Гадаад орчин эрсдэлтэй байгаа. Тэгэхээр ийм үед орлогыг хэт өндөр төлөвлөсөн нь эрсдэл дагуулахаар байна.

Голомт банкны эдийн засагч Г.Ганзориг:

Ажлын байр, цалин өсөх төсөв батлахгүй байна

-Эдийн засгийн мөчлөгөө харж төсөв, мөнгөний бодлого, стратегиа тодорхойлох ёстой. Валютын урсгал, эдийн засгийн өсөлт нэмэгдэж буй үед Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж  дэд бүтцээ сайжруулах төсөл хэрэгжүүлэх хэрэгтэй. Ингэснээр санхүүгийн зах зээлд их хэмжээний халалт болохгүй байх нөхцлийг бүрдүүлж өгдөг.

Гэтэл манайх эсрэгээр эдийн засгийн өсөлттэй үед нь зүгээр байж байснаа саарах үед нь хөрөнгө оруулалт, дэд бүтцээ сайжруулах ажлаа хийх гээд байдаг. Сонгуулийн мөчлөг таарч байгаа учраас тэр байх. Гэтэл бүтээн байгуулалт дуусах үед тэр хөрөнгө оруулалт нь ашиг орлого, цалин нэмэгдүүлдэг зүйл биш байгаад гол учир байна. ДНБ-д эзлэх хувь,  ажлын байр нэмэгдэх, цалин өсөх байдлаар макро төвшинд орлого өсөх төсөв УИХ батлахгүй байна.

Ц.Мягмарбаяр

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин