Ерөнхийлөгч Засгийн газрын гишүүд 100 хувь "дан дээл”-тэй байх ёстой гэсэн санал гаргасан бол АН-ын Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгох, Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлэх буюу сайд нараа өөрөө томилж, чөлөөлдөг болох, сонгуулийн холимог тогтолцоог Үндсэн хуульд суулгах санал гаргасан юм. Гэвч зөвшилцөх ажлын хэсэг Ерөнхийлөгчийн саналыг дэмжилгүй үлдээж, АН-ын хоёр санал буюу Ерөнхий сайд нараа өөрөө томилж, чөлөөлдөг болох, сонгуулийн холимог тогтолцоог Үндсэн хуульд суулгах саналыг нь УИХ-д оруулсан. Ингэснээр Ерөнхийлөгч Тамгын газрын даргаараа дамжуулан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд хориг саналаа илэрхийлсэн юм. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд "Засгийн газрын дөрвөн гишүүн "давхар дээл”-тэй байж болох заалтад хориг тавих тухай ярьж, судалж байна. Хоёр нам хоёулаа энэ заалтыг дэмжиж байх шиг байна. Судлаад хоригийг хүлээж авахааргүй байвал тавихгүй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд багтсан бусад заалтуудыг дэмжиж байгаа” гэлээ.
Харин Ерөнхий сайд нараа өөрөө томилж, чөлөөлдөг болох саналаа дэмжүүлж, сонгуулийн холимог тогтолцоог Үндсэн хуульд суулгах саналаа унагуулсан АН-ын зөвлөл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлалцсангүй. Товчхондоо, Ерөнхийлөгч, АН хоёр санасандаа хүрсэнгүй. МАН-д молигдуулчихлаа. Харин МАН "Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дангаараа хүч түрэн баталсан” гэсэн шүүмжлэлд өртөж эхэллээ. Энэ удаагийн өөрчлөлт дордохын долоо гэдэг шиг ямар нэгэн нэр хоч зүүхээр болбол тэр нь МАН-д хаяглагдана.
Эх сурвалж: ЕАGLE.MN