|

Б.Наранхүүгийн адуу улсын нөөц газрыг талхалж, малчид оторлох нутаггүй болжээ

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг дахь  улсын нөөцөд бүртгэж хамгаалалтад авсан отрын бүс газарт Монголын тэргүүн баячуудын адуу дөрвөн улирлын турш тааваар бэлчиж, малчид тийшээ буух байтугай  хадлан тэжээлээ ч бэлтгэж чадахаа байжээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн 1400 адуу сүүлийн хоёр  жил гаруйн хугацаанд Сүхбаатар сумын нутаг Баянцагаан тал, Хундарын уул, Тавантолгой  орчим, мөн "Гацуурт” компанийн захирал Л.Чинбатын төрсөн ах Тод манлай уяач  Л.Батмөнх газар тариалан эрхлэхээр тус аймгийн Мөнххаан сумын нутагт очоод 300 толгой адуу маллан долоон жил болж байна.

Б.Наранхүү гишүүний адуу байгаа Баянцагаан тал, Хундар уул орчим нь отрын бүсээс гадна цагаан зээр бэлчээрлэж, үр төлөө бойжуулдаг гол газар, мөн жилийн жилд өвс ургамал сайтай байдаг тул малчид хадлан тэжээлээ бэлдэхийн зэрэгцээ цас зудтай цаг хүндэрсэн үед тийшээ очиж өвөлждөг юм. Тэгвэл "Гацуурт”-ын Л.Чинбатын ах, Тод манлай уяач Л.Батмөнхийн нутаглаж буй Мөнххаан сумын нутаг ч мөн отрын  гол  түшиц газарт багтдаг аж.

Монгол Улсын иргэн хаана ч ажиллаж, амьдрах эрхтэй ч дээрх эрхмүүд аймаг алгасч, сум сунган улсын хамгаалалтад байдаг отрын бүс нутагт ирж буучихаад хууль зөрчин ямар ч зөвшөөрөлгүй гүний худаг гарган малаа услаж, холбогдох байгууллагуудаас тавьсан шаардлагыг биелүүлэхгүй  хэл ам байнга таталж иржээ. Б.Наранхүү гишүүний малчин н.Баасанхүүд Сүхбаатар аймгийн  мэргэжлийн хяналтын газар, байгаль орчны байцаагч нар 2018 оны арванхоёрдугаар сараас эхлэн 3-4 удаа шаардлага тавьсан байдаг. Өнгөрсөн аравдугаар сард Сүхбаатар аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийнхэн газар дээр нь очиж зөвшөөрөлгүй гаргасан хоёр худгийг лацдаж, малчдын бэлчээр нутгийг сүйтгэж байгааг таслан зогсоож, яаралтай чөлөөлж өгөхийг шаардсан албан бичгийг гардуулж өгчээ. Гэтэл лацыг эвдэж адуугаа усалсаар өдий хүрсэн байна. Иймд Улсаа аврах ард түмний хөдөлгөөний Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөлийн дарга Х.Энхтулгаас УИХ-ын гишүүн Б.Наранхүүд энэ сарын 15-наар тасалбар болгож бэлчээр нутгийг чөлөөлж өгөхийг шаардсан албан бичгийг хүргүүлсэн байна.

Х.Энхтулга: Эрхэм гишүүн тоомжиргүй хандаж байна

Х.Энхтулгаас энэ  талаар тодруулахад "Тухайн газар нь Монгол Улсын нөөц, отрын бүс нутаг, дээр нь цагаан зээр төллөдөг гол бэлчээр юм. Уртаашаа 50, өргөөшөө 20 км газар байгаа. Өнгөрсөн жилээс тэнд Багануураас ирсэн гэж олон айл бууж, нэр нөлөө бүхий хүмүүсийн гэх 30 гаруй мянган толгой мал өвөлжсөн. Бүгдэд нь шаардлага хүргүүлж газар нутгийг чөлөөлүүлсэн. Гэтэл ганц Б.Наранхүү гишүүний малчин үлдчихээд хууль зөрчөөд байгаад  байна. Иймд УИХ-ын гишүүний нэр дээр албан бичиг хүргүүлсэн ч хариу өгөөгүй. Малчин нь ч, эзэн нь ч тоомжиргүй хандаж байна. Худгийг гагнаж лацдаад орхихоор нээгээд малаа услаад байдаг. Цагдаа, прокурор, мэргэжлийн хяналт, байгаль орчны байцаагч бүгд очсон. Бас нэг зүйлийг хэлэхэд, ажлын хэсэгт хамт явж торгууль тавьсан байцаагч  нь аймгийн төвд ирээд олдохгүй алга болчихсон. Сураглаад байтал амралтаа авсан, жилийн чөлөө авсан гэсээр эцэстээ уул уурхайн компанид ажилд ороод явчихсан байсан. Мэргэжлийн хяналтын газрын дарга нь АТГ-т шалгагдаж байгаа ажлаа өгөөд явсан. Тэгэхээр манай аймгийн Мэргэжлийн хяналтын газарт гадны нөлөө байна гэж хардах хангалттай үндэслэлүүд байна” гэв.

Хууль зөрчсөн малчинд 24 сая төгрөгийн торгууль тавьжээ

Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч н.Өлзиймөнхтэй утсаар холбогдоход "Сүхбаатар сумын нутагт зөвшөөрөлгүй худаг гаргасан асуудлаар 24 сая төгрөгийн торгууль тавьж, шүүхэд шилжүүлсэн. Энэ талаар аймгийн Засаг даргын орлогч Т.Мөнхболд ажлын хэсэг ахалсан тул тэндээс асуу” гэв. Т.Мөнхболд даргатай холбогдоход "Өнгөрсөн аравдугаар сард ажлын хэсэг газар дээр нь очиж ажилласан. Малчин н.Баасанхүүд зөвшөөрөлгүй худаг гаргасан үндэслэлээр Зөрчлийн хуулийн дагуу 24 сая төгрөгийн торгууль ногдуулж, холбогдох газруудын зүгээс шаардлагатай бүх арга хэмжээг авсан. Гэсэн ч малчин нь адуугаа гаргаагүй, лацадсан худгийг эвдэж адуугаа услаж байгаа мэдээлэл тэр хавийн малчдаас бидэнд ирсэн” гэв.

Б.Наранхүү: Миний адуу яагаад тэнд байж  болдоггүй юм бэ

Дээрх мэдээллийн мөрөөр Б.Наранхүү гишүүнтэй өчигдөр утсаар холбогдож тодрууллаа.

-Сайн байна уу гишүүн ээ, таны 1400 адуу Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд хоёр жил гаруй болж байгаа юм байна. Бүс нутгийг чөлөөлүүлэх шаардлага танд хүргүүлсэн гэсэн,  та хариу өгсөн үү?

-Юун адуу,  би юу ч сонсоогүй. Ер нь яагаад миний адуу мал тэнд байж болдоггүй юм бэ. Монгол Улсын иргэн хаана ч ажиллаж, амьдарч болно биз дээ.

-Тийм л дээ, гол нь тэр газар улсын нөөц, отрын бүс нутаг, цаг хүндрэхээр малчид орж өвөлждөг учраас чөлөөлж өгөхийг шаардсан гэсэн. Бас зөвшөөрөлгүй худаг гаргасан учраас торгууль тавьсан гэсэн…?

-Одоо тэнд байхгүй ээ, манай адуу Дорнод руу гараад явчихсан.

-Нутгийн малчид руу ярихад бэлчиж байна гэж хэллээ?

-Байхгүй ээ, Дорнод руу явуулсан, өөрөө очоод шалгахгүй юу.

Эрхэм гишүүнтэй утсаар холбогдсоны дараахан бид Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын малчинтай /нэрийг нууцлав/ холбогдсон юм. Тэрээр Б.Наранхүү гишүүний малчин нь адуугаа Дорнод руу гаргадаггүй. Гаргасан дүр эсгэж хоёр аймгийн нутгийн заагт Талын Таван толгой, Хундгарын уулын орчим өвөлжчихдөг юм гэлээ. 1400 адууг бог малд шилжүүлэн тооцвол 50 мянга гаруй болох бөгөөд нэг айл 1000 гаруй толгой малтай гэж үзвэл 50 айл нутаглах газарт Б.Наранхүү гишүүний адуучин ганцаараа нутаглаж байна. Эрхэм гишүүн та адуугаа авч, жүчээгээ холдуулж улсын хамгаалалтанд байдаг отрын бүс нутгийг яаралтай чөлөөлж өгнө үү.

Ч.Үл-Олдох

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин