УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв.
Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг 2015 онд баталж, 2017 оны долдугаар сарын 1-нээс мөрдөж буй. Эл хуулийг шинэчлэхдээ мал хулгайлах гэмт хэрэгт ногдуулах ялыг хөнгөрүүлснээс болж зарим аймагт малын хулгай өмнөх оноос хоёр дахин нэмэгджээ. Хуулийн зохицуулалт муугаас гэмт хэрэгтэн ял завшиж, энэ нь малчдын төдийгүй манай орны эдийн засагт сөргөөр нөлөөлөх болсныг УИХ-ын гишүүн З.Нарантуяа танилцуулгадаа дурдав. Тиймээс Эрүүгийн хуулийн зохицуулалтыг өөрчлөх шаардлагатай гэж үзсэн байна.
Мал хулгайлсан гэмт хэрэгт ногдуулах хариуцлагын хэмжээг Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиар зааглах нь зүйтэйг төсөлд тусгасан байна. Тодруулбал, захиргааны хариуцлага ногдуулахаас илүү хэмжээгээр бусдын малыг хулгайлсан бол эрүүгийн ял ногдуулах нь зөв гэж үзжээ. Мөн бусдын малыг хүндрүүлэх нөхцөлтэйгөөр (олон тоогоор) хулгайлсан бол хорихоос өөр төрлийн ял ногдуулдаг байдлыг өөрчлөх нь. Түүнчлэн захиргааны хариуцлага өмнө нь хүлээж байсан болон хөнгөн ял шийтгүүлсэн этгээд дахин мал хулгайлах гэмт хэрэг үйлдвэл хүндрүүлэх нөхцөлд тооцдог журамтай болгохоор төлөвлөжээ. Мөн "олон тооны мал” гэж заасныг хасах аж. Эрүүгийн хуулийн ерөнхий зарчмын дагуу ердийн журмаар хохирлыг тооцдог байхаар төсөлд тусгасан байна. Төслийг хэлэлцэх, эсэхтэй холбогдуулан гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлэх шаардлагагүй гэж үзсэн тул санал хураалт явуулж, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах юм.
Өнөөдөр сонин