Орон сууцны орцны шат цөмөрч хүн даруулсан хэрэг Дархан-Уул аймагт гарчээ.
Тодрбуулбал, Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн 207 дугаар байрны 4 дүгээр орцны 1 дүгээр давхарт шатны марш доош цөмөрч нэг хүн дарагдсан тухай дуудлагыг тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид хүлээн авчээ.
Тэднийг очиход тус байрны оршин суугч Т /34 настай эмэгтэй/ нь гэрээсээ гарч явахад шатны марш цөмөрч барилгын хийцэд дарагдсан байсныг Цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч А.Шинэшагай, дэд ахлагч Б.Даваажаргал нар гаргаж, эмнэлэгийн байгууллагад хүргэсэн байсан.
Аз болж тухайн иргэний биеийн байдал хэвийн, бүсэлхий, хөл хэсгээрээ хөнгөн зулгарсан байдалтай байна гэсэн мэдээллийг эмнэлгийн байгууллагаас өгчээ. Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Дархан сумын Засаг даргын Тамгын газраас ажлын хэсэг тухайн газар шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажиллаж байгаа аж.
Урьдчилсан байдлаар тус байрны зоорийн давхарт алдагдсан ус, чийгний улмаас шатны бэхэлгээний хэсэг чанар байдлаа алдаж шатны хэсэг нурсан байж болзошгүй байгаа юм. Нуралтын үед тус байрны бохирын хуванцар хоолойд гэмтэл гарсныг засварлаж, тухайн орцонд төмөр хийцийн түр шатыг /тавцан/ хийжээ.
Эх сурвалж. ОБЕГ