Тунаж үлдсэн дөрвөн бондыг товчхон танилцуулъя.
Хамгийн өндөр хүүтэй "Мазаалай”
Жилийн хугацаанд гурав орчим хувиар уналттай байсан "Мазаалай” бондын ханш өнгөрсөн хавраас эргэн сэргэсэн. Бусдаасаа хамгийн өндөр буюу 10.8 хувийн хүүтэй 500 сая ам.долларын үнэ бүхий "Мазаалай” бондыг 2016 оны гуравдугаар сард улс төрийн сонгуулийн өмнөхөн гаргасан билээ. Тухайн үеийн улстөржилтөөс болж 800 саяар төлөвлөсөн бонд ийнхүү 500 сая дээр буусан юм. Уг нь манай Засгийн газрын өмнөх бондуудыг худалдаж авсан эзэмшигчид "Мазаалай”-г авахаар 780 саяын захиалга ирүүлээд байсан. Гэвч гадаад өр нэмэгдсэн, төлбөрийн тэнцэл муудсан шалтгаанаар олон улс дахь Монгол Улсын нэр хүнд тодорхой хэмжээнд тааруухан байсан үе таарч хамгийн өндөр хүүтэйгээр арилжаалагдсан бонд нь энэ юм. Төсвийн алдагдал нэг их наяд орчим төгрөгт хүрээд байсан ба энэ алдлагдлыг нөхөхөд бондын хөрөнгийг зарцуулсан байдаг. Хамгийн эхэнд буюу 2021 онд төлөгдөх бонд нь "Мазаалай”.
Чингис бондын ханш 102 ам.доллартай тэнцэж байна
Хамгийн төлөвлөлтгүй, үр дүнгүй, ёстой л нөгөө юм үзээгүй гэдэг шиг яаруу, сандруу ихээр нь арилжаалсан бондоор "Чингис”-ийг нэрлэдэг. Түүхэндээ анх удаагаа хамгийн их хөрөнгийг олон улсын зах зээлээс босгосон нь 2012 онд байв. 1.5 тэрбум ам.долларыг "Чингис” бондоос босгох ажлыг Н.Алтанхуягийн Засгийн газар гүйцэтгэсэн юм. Хэрэв энэ бондыг босгоогүй бол эдийн засаг хямрахгүй байсан гэж тухайн үед Сангийн сайд Ч.Улаан хэлж байсан нь бий. Гэвч тийм ч хямралын жил байгаагүй гэж эдийн засагчид шүүмжилсээр ирсэн. Засгийн газрынхаа гаргасан энэхүү түүхэн үйл явдлын өр төлбөрийн томоохон хэсгийг буюу нэг тэрбум ам.долларыг бид 2022 онд төлөх учиртай. Өнөөдрийг хүртэл 4.1-5.1 хувийн хүүгийн төлбөрийг төлсөөр ирсэн, ирэх хоёр жилд төлнө гэдгийг ч мартаж болохгүй. "Чингис” бондын эхний 500 сая ам.долларын төлбөрийг хүүгийн хамт төлөхийн тулд дүү бонд болох "Гэрэгэ”-г гаргасныг дээр дурдсан. Өөрөөр хэлбэл, "Чингис” бонд өр хэвээрээ л байна гэсэн үг.
Ах бондуудын төлөөсөнд явсан "Гэрэгэ”
Ах нарынхаа өрийг төлөхөөр "Гэрэгэ” бонд 2017 оны аравдугаар сарын 25-нд мэндэлсэн юм. "Гэрэгэ” бондоор олон улсын зах зээлээс 800 сая ам.доллар босгосон. Өчигдрийн байдлаар ханш нь 103.5 ам.доллартай тэнцэж байв. Жилийн 5.6 хувийн хүүтэй 5.5 жилээр эргэлдүүлэхээр арилжаалсан "Гэрэгэ” бондын 800 сая ам.долларыг үлдэгдэл хүүтэй нь хамт 2023 онд төлж дуусгах ёстой. "Гэрэгэ”-ийг гаргаж байх үед хүүгийн хэмжээг "Мазаалай”-тай харьцуулан бараг хоёр дахин багассан гэж магтаж байв. Монголын эдийн засаг таатай цаг үедээ ирлээ гэдгийг "Гэрэгэ”-ийн хүү харуулсан гэж байсан юм. Гэвч баригдаж үлдэх бүтээн байгуулалт биш өмнөх өр төлбөрийг барагдуулахад босгосон мөнгийг нь зарцуулсан нь түүнд тийм ч таатай нэр хүнд авчраагүй.
Хамгийн сүүлд "Хуралдай” бондын төлбөрийг төлнө
Хүүгийн хэмжээгээрээ "Чингис”-ийн дараа орох буюу 8.75 хувийн хүүтэйгээр олон улсын зах зээлд гарсан "Хуралдай” бондын мөнгөөр Хөгжлийн банкны Евробондын төлбөрийг 2017 онд барагдуулсан юм. 600 сая ам.долларын үнэлгээтэйгээр арилжаалагдсан "Хуралдай” бондын хүүнд хагас жил тутам 60 гаруй тэрбум төгрөгийг төлж байгаа. Эцсийн төлбөрийг нь хамгийн сүүлд буюу 2024 онд хийнэ.