Дархан-Уул аймгийн Засаг даргын нэрэмжит гүйлтийн цанын аймгийн аварга шалгаруулах тэмцээн Цанын баазын талбайд энэ сарын 15-нд боллоо. Тэмцээн өсвөр нас, насанд хүрэгчдийн гэсэн хоёр төрөлд нийт зургаан насны ангиллаар зохион байгуулагдсан юм. Нийт 80 гаруй тамирчин хурд хүчээ сорьж өрсөлдсөнөөс 10-12 насны хөвгүүдийн төрөлд "Од” цогцолбор сургуулийн сурагч Г.Бат-Ундрал, охидын төрөлд "Од” цогцолбор сургуулийн Н.Нандинцэцэг нар тэргүүн байранд, 13-14 насны эрэгтэй төрөлд "Оюуны ирээдүй” цогцолбор сургуулийн сурагч Э.Энхбилиг, охидын төрөлд Эрдэнэт хотын "Ирээдүйн одод” спортын дунд сургуулийн сурагч Халиун нар тэргүүн байранд оржээ.
Харин 16-17 насны эрэгтэй төрөлд Эрдэнэт хотын "Ирээдүйн одод” спортын дунд сургуулийн сурагч Энхсайхан, охидын төрөлд Эрдэнэт хотын "Ирээдүйн одод” спортын дунд сургуулийн сурагч Батцэцэг нар тэргүүн байранд орсон байна. 18-28 насны эрэгтэй төрөлд Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн цанын спортын мастер Э.Мөнх-Эрдэнэ, эмэгтэй төрөлд Зэвсэгт хүчний 065 ангийн цанын спортын мастер Уранбайгаль нар тэргүүн байранд оржээ.
30-39 насны эрэгтэй төрөлд Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн ахлах ахлагч, цанын спортын мастер С.Эрдэнэтовч, эмэгтэй төрөлд Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн тамирчин Сэржмядаг нар тэргүүн байр, 40-50 насны эрэгтэй төрөлд Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн тамирчин Ганбат, эмэгтэй төрөлд Зэвсэгт хүчний 322 дугаар ангийн тамирчин Байгальмаа нар тэргүүн байранд орсон байна.
Аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахын зэрэгцээ цанын баазын үйл ажиллагааны эхлэлийг тавьж байгааг нээлтийн үеэр аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Энхбат онцолж байв. Тэрбээр цаашид энэ талбайг иргэдийн хүсэл сонирхолд нийцсэн стандартын шаардлага хангасан цанын бааз болгон тохижуулна гэж мэдэгдсэн юм.
Дархан-Уул аймгийн ЗДТГ