Мягмар гарагийг Тегераны эрх баригчид бүх нийтийн амралтын өдөр болгож, өөрийн иргэдэд эх оронч генералын араас гашуудах боломж олгосон байна.
Керман хотод болж буй оршуулгын ажиллагааг Ираны бүх телевизийн суваг шууд дамжуулжээ. Хэт их хүн цугларч, генералын шарилыг оршуулгын газарт хүргэх боломжгүй болсноос арга хэмжээ нэлээд хугацаагаар саатсан байна.
Энэ үеэр хүмүүсийн шахцалдааны улмаас хамгийн багадаа 50 хүн дарагдан амь үрэгдэж, 200 гаруй хүн бэртэж, гэмтсэн тухай Ираны төв хэвлэл мэдээлжээ.
Генерал Солейманигийн үхэл Америкаас өшөө авахыг уриалсан хөдөлгөөнийг Иран даяар өрнүүлээд байна. Керманд болсон оршуулгын үеэр хэлсэн үгэндээ Ираны Хувьсгалт Гвардын командлагч Хоссейн Салами бүс нутаг дахь АНУ-тай холбоотой бүх байгууламжийг галдан шатаахыг уриалжээ.
Талийгаач генерал Кассем Солеймани нь Ираны Хувьсгалт Гвардын Кудс элит хүчний командлагч байсан бөгөөд Сири, Ирак, Ливан, Йемен зэрэг улсууд дахь зэвсэгт бүлэглэлүүдийг дэмжиж, Тегераны гадаад бодлогыг бүс нутагт хэрэгжүүлэгчийн үүрэг гүйцэтгэж байв.
Өчигдөр Ираны Тасним мэдээллийн агентлаг Иран улс АНУ-аас генералын өшөөг авах 13 хувилбар төлөвлөгөө боловсруулаад байгаа тухай мэдээлжээ.
Эдгээрийн хамгийн энгийн төлөвлөгөө нь ч АНУ-ын түүхэнд хар хуудас болон бичигдэх чадвартай тухай Ираны Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн нарийн бичгийн дарга Али Шамхани хэлсэн байна.
"Хэрвээ АНУ-ын цэрэг манай бүс нутгаас сайн дураар гарч явахгүй бол бид тэднийг хэвтээгээр нь гаргах болно” гэж Шамхани хэлсэн тухай Тасним мэдээлжээ.
Ираны зүгээс сүрдүүлэг нэмэгдэж байгаатай холбоотой бүс нутаг дахь АНУ-ын цэргийн баазуудад онц байдал зарлаад байна.
Ираны гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф НҮБ-ын чуулганд оролцохоор Нью Йорк хотод очих төлөвлөгөөтэй байсан ч АНУ түүнд виз олгоогүй тухай өчигдөр мэдээлжээ.
"Хэн нэгэн Америкийн ард иргэдэд үнэнийг хэлэхээс тэд айцгааж байгаа бололтой. Гэхдээ тэд буруу тооцоолж байна. Дэлхий зөвхөн Нью Йоркоор хязгаарлагдахгүй. Америкчуудад хандаж, Тегеранаас үг хэлэх боломжтой” гэж Зариф мэдэгдсэн байна.
Р.Төмөр
Эх сурвалж: Associated Press