Хятадын засгийн газар коронавирусийн халдвар авсан хүмүүст яаралтай тусламж үзүүлэх зорилгоор Ухань хотод 10 хоногийн дотор 1000 ортой шинэ эмнэлэг барьж дуусгалаа.
Барилгын компаниуд ням гарагт эмнэлгийг эрүүл мэндийн ажилтнуудад хүлээлгэн өгсөн байна. 25,000 м.кв талбайтай Хуошеншань эмнэлгийг өнөөдөр ашиглалтад оруулах бөгөөд 1400 орчим эмнэлгийн ажилтнууд ажиллах юм байна.
Өчигдрийн /2020.02.02/ байдлаар коронавирусийн халдвар авсан хүмүүсийн тоо 14500 давж, нас барагсдын тоо 305 болж нэмэгдсэн. Халдварын голомт болоод байгаа Ухань хотод эмнэлгийн хүрэлцээ муу байгаа ч өвчилсөн хүмүүсийн тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Тийм ч учраас тус хотод хоёр шинэ эмнэлэг барих ажлыг өнгөрсөн сарын сүүлээр эхлүүлсэн билээ. Хоёр дахь эмнэлэг болох Лэйшеншань нь хоёрдугаар сарын 5-нд ашиглалтад орох бөгөөд 30,000 м.кв талбайтай, 1600 ортой байх ажээ.
Э.Онон
Эх сурвалж: NHK, BBC