Эмчийг нас барсныг төрийн мэдлийн "Женьминь Жибао" сонин нотолсон байна. Гэхдээ тус сонинд түүнийг нас барсан тухай анх мэдээлж байснаас өөр сар өдөр тавьсан байжээ.
Ли эмчийг нас барсан тухай англи хэлээр гардаг төрийн хэвлэл болох "Global Times” сонин эмч нарын мэдээллээс иш татан анх мэдээлсэн боловч удалгүй эмчийн биеийн байдал хүнд байна гэж мэдээлсэн байна.
Анхны мэдээллээр, эмч орон нутгийн цагаар 21 цаг 30 минутад нас барсан байна. Харин дараа нь түүнд экстракорпораль мембраны хүчилтөрөгчийн эмчилгээ хийж байгаа бөгөөд амь насыг нь аврах найдлага бий гэж тус сонинд бичжээ. Энэ эмчилгээ нь өвчтөний амьсгал тасалдаж байсан ч цусыг нь хүчилтөрөгчөөр ханган, зүрх цохилохоо больсон үед цусны эргэлтийг дэмжих эмчилгээ аж.
Гэвч эмч нас барсан талаар Хятадын олон нийтийн сүлжээгээр идэвхтэй хэлэлцэж эхлэх үед албан тушаалтнууд түүнд хиймэл амьсгалын аппарат залгаж, хэвлэлүүдэд гарсан "нас барсан" гэх мэдээллийг "биеийн байдал хүнд" болгон өөрчлөхийг үүрэг болгосныг эмнэлгийн эмч нар Би-Би-Си агентлагт нотолжээ.
"Global Times” сонин ч эмчийн нас барсан тухай мэдээллийг устгасан байна. Харин оронд нь эмчийн зүрх зогссон боловч түүнд хиймэл амьсгалын аппарат залгасан гэж мэдээлжээ. Би-Би-Си агентлагийн эх сурвалжийн мэдээлснээр, Хятадын албан тушаалтнууд Ли Вэнлианийн биеийн байдлын талаарх мэдээллийг хяналттайгаар дамжуулахын тулд ийм алхам хийсэн байна.
Ли эмч өвчний дэгдэлт, өөрийнхөө өвчний талаар ярьж эхэлснээс хойш маш алдартай болжээ. Хятадын нийгмийн сүлжээ "Weibo”-гийн олон мянган хэрэглэгч түүний постуудад коммент бичиж, дэмжиж байгаагаа илэрхийлж, зарим нэг нь баатар гэж нэрлэж байв.
"Цуу тараагч"
Ли Вэнлиань Ухань хотын нэгэн эмнэлэгт нүдний эмчээр ажилладаг байжээ. Тэрбээр бүр 2019 оны 12 дугаар сард үүсгэгч нь SARS-ын коронавирустэй адил үл мэдэгдэх өвчний долоон тохиолдлыг анзаарсан байна.
Тэрбээр 12 дугаар сарын 31-нд групп чатаар хамтран ажиллагсдадаа анхааруулжээ. Харин дөрөв хоногийн дараа түүнийг Нийгмийн аюулгүй байдлын газарт дуудаж, нийгмийн эмх журмыг алдагдуулах зорилгоор худал мэдээлэл тараасан гэдгээ хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурахыг шаардсан байна. Тухайн үед "худал мэдээлэл тараасан хэргээр” найман хүнийг шалгаж байгаа гэж цагдаа нар мэдээлж байжээ.
Нэгдүгээр сарын сүүлчээр буюу коронавирус хэдийнэ тархчихсан үед Ли Вэнлиань цагдаа нарт бичиж өгсөн өргөдлийнхөө хуулбарыг Weibo сүлжээнд нийтлэн, өөрөө ч вирусний халдвар авсан гэдгээ ярьсан байна.
Үүний дараа Хятадын эрх баригчид эмчээс уучлалт хүссэн хэдий ч түүнийг эмчилж чадсангүй. Эмчийг нас барсан тухай хэвлэлүүд пүрэв гарагт мэдээлжээ. Төрийн мэдлийн хэвлэл болох "Женьминь Жибао" сонин эмчийн нас барсныг "Твиттер" хуудсандаа үндэсний эмгэнэл хэмээн бичсэн байна.
Ли Вэнлиань 34 настай байжээ. Коронавирусний халдвараар нас барж буй хүмүүсийн дийлэнх нь 60-аас дээш насныхан эсвэл архаг хууч өвчтэйн улмаас дархлаа нь суларсан хүмүүс байгаа юм. Харин Ли эмч өөр өвчинтэй байсан эсэх нь тодорхойгүй байгаа боловч тэрбээр коронавирусээр халдварласан хамгийн залуу хүн бас биш юм.
Коронавирусний халдвар авсан эхээс төрсөн нярайд өвчин оношлогдсон гэж Хятадын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд пүрэв гарагт мэдээлжээ. Өвчин эхийн хэвлийд байхад нь эсвэл төрсний дараа халдсан эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Д.Жаргал