Өмнөд Солонгос улсад амьдарч байгаа гадаадын харьяат иргэдийн талаар сүүлийн тоо баримтыг тус улсын хууль зүйн яам өчигдөр танилцуулжээ.
Тус улсын нутаг дэвсгэрт амьдарч байгаа гадаад иргэдийн тоо 2019 оны сүүлийн байдлаар 2,524,656 хүрсэн нь өмнөх жилээсээ 6.6 хувиар өссөн үзүүлэлт юм байна.
Өмнөд Солонгост амьдардаг гадаад иргэдийн тоо 2007 оны наймдугаар сард анх удаа нэг саяын босгыг давсан бол 2016 оны зургаадугаар сард хоёр саяын босгыг давж байжээ.
2.5 сая гадаад улсын иргэд өнөөдөр тус улсын нийт хүн амын 4.9 хувийг бүрдүүлж байна. 2018 оны байдлаар Өмнөд Солонгосын хүн амын тоо 51.64 сая байжээ.
Гадаадын харьяат иргэдийн 68.6 хувь нь урт хугацаанд оршин сууж байгаа бол 31.4 хувь нь богино хугацааны оршин суух эрхтэй байна.
Улсын харьяаллаар харвал 43.6 хувь (1,101,782) нь Хятад улсын иргэд байна. Тэдний дотор 701,098 нь солонгос гаралтай Хятад улсын иргэд байгаа ажээ.
Хятадын дараа Вьетнамын иргэд 224,518, Тайландын иргэд 209,909, АНУ-ын иргэд 156,982, Японы иргэд 86,196, Узбекистаны иргэд 75,320, Филиппиний иргэд 62,398, Оросын иргэд 61,427, Индонезийн иргэд 48,854, Монголын иргэд 48,185, Камбожийн иргэд 47,565 тоотой тус тус удаалсан байна.
Гадаадын иргэдийн дунд хууль бусаар амьдарч байгаа хүмүүсийн эзлэх хувийг 15.5 гэж Өмнөд Солонгосын хууль зүйн яам мэдээлжээ.
Эх сурвалж: Yonhap News