Хүүхдээ хөхүүлж байгаа эх хүн хүүхдээ энхрийлэн хайрлаж, хүүхдийнхээ нүд рүү харан ярилцах нь хүүхдээ хөхүүлэх хамгийн нандин зүйл юм. Учир нь энэхүү харц хүүхдэд амар тайван, аюулгүй байгааг нь мэдрүүлэх түүнчлэн эхийн сүүний гарц сайн байхын түлхүүр болдог байна.
Таван жилийн өмнө эхчүүд хүүхдээ хөхүүлж байх үедээ хүнтэй юм ярих, өөр зүйл давхар хийх, телевиз болон ном сэтгүүл үзэх, утсаар ярих нь эхээс үрдээ харцаараа мэдрүүлэх хайр болон сүүний гарцыг багасгадаг тул эдгээрээс зайлсхий гэж зөвлөдөг байсан.
Харин өнөөдөр хүүхдээ хөхүүлж байхдаа ухаалаг утаснаас татгалзаж, хол байлгахыг зөвлөх болжээ.
Хүүхэд хөхүүлэх үед эхийн өнчин тархинд үүсдэг окситоцин хэмээх даавар эхэд хүүхдээ хайрлан энхрийлэх, асран хамгаалах хязгааргүй хүнлэг энэрэнгүй зан төрхийг бий болгодог. Энэ үед эхийн сүү аяндаа хүүхдээ цадахуйц хэмжээгээр боловсорч гадагшилдаг байна.
Иймээс Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Хоол судлалын төвөөс дараах зөвлөгөөг хүргүүлж байна.
1. Нэг гартаа хүүхдээ тэврээд, нөгөө гартаа утсаа барих байрлал бол аюултай. Хүүхэд хөхүүлэх үеийн байрлалаас сүүний гарц шалтгаална. Хүүхдийг тэврэхдээ толгой, биеийг нь нэг түвшинд, ээж хөхүүлэх талын гарын шуундаа хүүхдийнхээ толгой, хүзүү, бүх биеийг тулж тэвэрнэ;
2. Хүүхдээ хөхүүлж байх үедээ гар утсаа анхаарч харах нь аюултай байрлал. Хүүхэд хөхөндөө ойртсон хамар нь хөхний толгойн харалдаа, нүд нь хөхрүүгээ болон ээжрүүгээ харж байх. Мөн ээж нь хүүхдээ зөв хөхөж байгааг нь хүүхдийн доод уруул гадагшаа цорвойсон, эрүү хөхөнд шүргэсэн, завсаргүйгээр удаан, хүчтэй хөхөж байгаа зэргийг нь ажиглан мэднэ. Иймд ээжийн харц өөр зүйлд анхаарах ёсгүй;
3. Ээж та хүүхдээ хөхүүлж байх үедээ ухаалаг утсаа биеэсээ хол байлгаж, бүх анхаарлаа үрдээ зориулаарай.