Манай улсын хувьд 2012 оноос эхлэн Монголын банкны холбооны санаачилсанаар арилжааны банкууд дор бүрдээ өөр өөрийн онцлог урамшуулалт үйлчилгээгээр харилцагч нартаа бэлэг барих болон иргэдэд үнэ төлбөргүй хадгаламж нээх зэргээр олон сонирхолтой арга хэмжээнүүдийг зохион байгуулан тэмдэглэж иржээ. Монголын Хадгаламжийн Даатгалын Корпораци /ХДК/ нь 2014 оноос эхлэн Монголын банкны холбоо болон арилжааны банкуудтай хамтарч олон нийтийг хамруулсан өргөн цар хүрээнд тэмдэглэх болсон.
Энэ жилийн хувьд өнөөдөр Монголын банкны холбооны байранд хот хөдөөний аймаг сум, дүүрэг хороодын ерөнхий боловсролын сургуулиудаас амжилттай сайн суралцдаг хэдий ч амьдралын түвшин доогуур, эмзэг давхаргын 50 хүүхдийг сонгон шалгаруулж, ХДК-ийн нэрэмжит 50 мянган төгрөгийн эрхийн бичгээр урамшуулах ажлыг зохион явуулах гэж байна.
Уг арга хэмжээний нэг онцлог нь ХДК-ийн Иргэдийн санхүүгийн суурь боловсролыг дээшлүүлэх зорилтын хүрээнд хүүхэд багачуудад багаас нь санхүүгийн суурь мэдлэг боловсрол олгох чиглэлээр Хуримтлал гэж юу болох, түүний ашиг тус, хуримтлал үүсгэх арга, дадалд хэрхэн суралцах талаар хичээл заан сургалт явуулах юм.