Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу сар шинийн өдрүүдэд хаасан Улаанбаатар хотоос гарах, орох болон орон нутаг хоорондын замын зорчих хөдөлгөөнийг өнөөдөр /2020.03.03/ 06:00 цагаас нээлээ.
Ингэснээр өмнө нь шалган нэвтрүүлэх цэгүүдэд бүртгүүлж гарсан 40 гаруй мянган иргэн, 14 мянга орчим тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотод буцаж орж ирнэ гэж цагдаагийн байгууллага тооцоолж байгаа юм.
Өнөөдөр 12:30 цагийн байдлаар Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс 894 тээврийн хэрэгслээр 3435 хүн гарч, 549 тээврийн хэрэгсэлтэй 1565 хүн аймгийн нутаг дэвсгэрт нэвтэрсэн байна.
Зам нээсэнтэй холбоотойгоор цагдаагийн алба хаагчид байнгын 62, түр 36 буюу нийт 98 цэгт хяналт, шалгалт зохион байгуулан ажиллаж байна.
Иргэн та үүргээ ухамсарлан, замын хөдөлгөөнд соёлтой оролцож, төрийн албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэн, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангахыг анхаарна уу!!!