|

Хонио тоолох уу, хүнээ бүртгэх үү?

Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр өглөө тусгаарлалтаас гарч ажилдаа оржээ. Харамсалтай нь түүний ажлын эхний өдөр тийм ч таатай угтсангүй. Халдвар тархсан хөршөө "сэтгэл санаагаар дэмжихээр” хуьийн чанартай айлчлал хийгээд ирсэн Ерөнхийлөгч маань ирсэн даруйдаа айлчлалын багийнхантай хамт тусгаарлалтад орж, энэ хооронд Монгол Улсад Covid-19  буюу шинэ коронавирусын халдварын анхны тохиолдол бүртгэгдлээ. Халдвар илэрсэн Францын иргэнтэй нэгдүгээрт хавьталд эхний 26 иргэнээс халдварын шинж тэмдэг илрээгүй, шинжилгээний хариу сөрөг гарсан гэх авч цаана дахиад 100 гаруй хавьтагч байгаа. Нөхцөл байдал яаж эргэхийг тааварлашгүй.

Өнөөдөр өглөө БНСУ дахь Монголын Элчин сайдын яамнаас тус улсад оршин суугаа өөрийн иргэдэд зориулж мэдэгдэл гаргасан байна.

БНСУ-ын Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээлснээр тус улсад манай улсын 48,000 иргэн урт, богино хугацаагаар оршин сууж байна. Үүнээс 17,000 орчим нь хууль бусаар ажиллаж амьдардаг юм байна. Тус улсад коронавирусийн халдвар гарсантай холбоотойгоор хоёр улсын хооронд шууд нислэгийг зогсоосон боловч түр хугацаагаар байгаа эх орондоо буцах хүсэлтээ ЭСЯ-нд тавьсаар байгаа юм байна.    

Харин манай ЭСЯ-наас манай улсын эрүүл мэндийн салбар, анагаах ухааны хүчин чадал сул, эдийн засгийн байдал амаргүй байгааг иргэд ухамсарлаж, суугаа орныхоо эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжийг биелүүлж, гар угаах зэрэг хувийн ариун цэврийг сайн сахихыг анхааруулсан байна. Мөн иргэдэд хамгийн ойрхон эрүүл мэндийн төв, эмнэлгийн жагсаалтыг фэйсбүүкээр дамжуулан хүргэж байгаа юм байна. Товчхондоо, эх оронд нь тусгаарлах байр хамгийн хүнд асуудал болоод, эмнэлгийн ор хүрэлцэхгүй байгаа тул халдвар тархсан орноос иргэдээ хүлээн авах боломжгүй байгаа тул суугаа орныхоо эрүүл мэндийн байгууллагад итгэж найдан хүлээхийг эелдгээр хүссэн ийм л мэдэгдлийг манай ЭСЯ гаргажээ.

БНСУ-ын хувьд халдварын тархалтыг хяналтанд бүрэн байлгаж, өдөрт 18,000 хүнд буюу 4.8 секунд тутам 1 өвчтөнд хурдавчилсан оношлогоо хийж, нас баралт дэлхийд хамгийн бага буюу 0.6 хувьтай байгаа юм байна. Халдварын эрт үеийн шинжилгээ, оношлогооны боломжийг нэмэгдүүлэх зорилгоор автомашин дотроос шинжилгээ хийлгэх "Drive thru” аргыг нэвтрүүлж 10 минутад багтаан шинжилгээ өгч байгаа аж. Тиймээс бусад улс орнуудын хувьд ч ялгаагүй БНСУ-аас өөрийн иргэдээ нүүлгэн шилжүүлэх ажиллагаа хийгээгүй, тус улсад суугаа гадаадын иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн тохиолдолд эмчилгээний зардлыг нь БНСУ хариуцна хэмээн тус улсын Засгийн газраас мэдэгдсэн билээ.

Харин манай улсад нөхцөл байдал ямар байна вэ гэж үү?

Сая Францын иргэнээс шинэ коронавирусын халдвар илэрсэн, мөн халдварын голомттой улсаас ирсэн гадаад иргэнийг тусгаарлаагүй зэрэг нь нэгдүгээрт УОК-ийн хариуцлагагүй байдал, хоёрдугаарт манай эрүүл мэндийн салбарын хүчин чадалтай холбоотой болж байна. Хэрвээ агаарын хилээ хаасан бол, халдварын тархалттай улс орноос ирж байгаа ядаж гадаад иргэдийг хүлээж авахгүй гэдгээ мэдэгдсэн бол ийм зүйл болохгүй байлаа. Хоёрдугаарт "Халдварын бүсээс ирсэн гадаад иргэн гэртээ өөрийгөө тусгаарлах үүргээ биелүүлээгүй” гэсэн нь дахиад манай эмнэлгүүдийн хүчин чадал сул, дээр нь Эрүүл мэндийн сайдын хайхрамжгүй үйл ажиллагаатай холбоотой гэж болно.

Өөрөө өөрийгөө тусгаарлана гэдэг нь нэг ёсондоо эмнэлгийг ор хүрэлцэхээ больсон гэсэн үг. Ядаж үүнийгээ эртхэн хүлээн зөвшөөрч, арга хэмжээ авсан бол дараа дараагийн асуудлууд үүсэхгүй байлаа. Францын иргэн Монголд ирсэн даруйдаа нийслэлд 40 гаруй, орон нутагт 80 гаруй хүнтэй уулзсан гэж эхний байдлаар мэдээлэгдээд байгаа. Дээр түүний орж үйлчлүүлсэн үйлчилгээний бүх газар, зочид буудал, ресторанууд, түүгээр үйлчлүүлсэн бүх хүмүүс эрсдэлд ороод байгаа. Эхний байдлаар хоол хүргэлтийн ажилтанд халдварын шинж тэмдэг илэрч, эмнэлэгт тусгаарлагдсан байх жишээтэй. Хэрвээ бурхан гэж байгааг бидэнд ямар нэг ид шид үзүүлдэггүй л юм бол манай эрүүл мэндийн байгууллагуудын одоогийн чадавхиар энэ өвчнийг тогтоон барих аргагүй.

Гэтэл манай нөхдүүд "Гадаадын иргэн зөвлөмж биелүүлээгүй” гэсэн хөгийн юм яриад суугаад байдаг. Улсын онцгой комисс хуралдсан эхний өдрөөс л хэлж, сануулж байсан. Ороод ирлээ л бол эмнэлгүүдийн чинь хүчин чадал хүрэхгүй шүү. Тусгаарлах эмнэлгээ тогтооч ээ, ороо нэмэгдүүлээч ээ гэж. Гэтэл хийхээсээ хуралдсан нь их байсаар ийм өдөртэй золголоо. Ерөнхийлөгч нь хүртэл хийх ажилгүй юм шиг сэлгүүцэж, Хятадад очиж ирээд тусгаарлагдчих жишээтэй. Ганцаараа биш, айлчлалын баг тэр чигээрээ. Муухай дээр улцан гэж, тэртэй тэргүй ачааллаа дийлэхгүй ядарч байгаа эмнэлгийн ажилтнуудад ачаа дараа л болсноос өөр юу юм. Тэр хэдэн хонийг өгөхөө хүрвэл эндээс ч өгч болох л байсан. Ачаад явахгүйгээс хойш айлчлал хийх нь ямар ч утгатай байсан юм. Заавал нэг бүдэрсэн дээр нь гишгэлж байдаг нь хаанахын ч ёс юм.

Гэснээс нөгөө 30 мянган хонь яалаа. Одоо тэгээд хонио тоолох уу, хүнээ гэх үү? Хөрш орны ард түмэн харж л байгаа даа...

Б.Сэмүүн

Эх сурвалж: inews.mn