|

МАХН-ын аашыг 90 жилийн түүхтэй МАН ухаж, ойлгохгүй явна гэж үү, үгүй байлгүй дээ

 

МАН, МАХН-аас ажлын хэсэг гарч, хоёр намыг нэгтгэх ажлыг зохион байгуулсан. Үүний үр дүнд "хоёр нам эвсч, 2016 оны УИХ-ын сонгуульд оролцохоор боллоо” гэсэн мэдээлэл цацагдаад хоёр ч хоноогүй байхад задарчихлаа. Өөрөөр хэлбэл эвсэх явцдаа л задрал явагдсан гэж харагдаж байна. МАН-ын удирдлагууд "МАХН-ыг тохирооноосоо буцсан, итгэж болохгүй хүмүүс, яс махандаа шингэтлээ ойлголоо, дахин итгэл үзүүлэхгүй” гэгчлэнгээр гомдлын үгс чулуудаж байна.

Харин МАХН-аас дорвитой тайлбар хийсэнгүй.

 

"51/25 гэсэн тохироо хийгдсэн байсныг нь МАХН гэнэт өөрчилж, өөрийн суудлын тоог нэмснээр л эвсэл задрах нөхцөл бүрдлээ” гэсэн ерөнхий ойлголтыг нийгэмд өгөөд байна. Гэхдээ суудлын тоондоо ч асуудал байгаа юм биш. Харин хөндлөнгөөс хараад сууж байсан АН эсвлийн асуудалд оролцсонтой л холбоотой болов уу гэж таамаглаад байна. Тухайлбал, АН МАХН-нд цаашлаад Н.Энхбаярт таалагдах санал тавьсан болов уу гэж таамаглаад байгаа юм. Тиймээс л МАХН МАН-тай хийсэн тохиролцоогоо гэнэт өөрчилж, санаанд оромгүй байдлаар шахаанд оруулсан байх талтай. Яг ийм мэдээлэл хэвлэлүүдээр цацагдаж эхэллээ.


АН угшил нэгтнүүдийг эвсэхийг хараад зүгээр сууна гэж юу байх вэ дээ. 25 жил улс төрд чанагдсан хууччууд юу хийж, яаж "хутгах”-аа мэдэж л таараа. Тэгтэл МАН-ынхан "дунд сургуулийн найз охиндоо хаягдсан хөвгүүн” шиг юм яриад л явж байх юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар "МАХН-ын дарга Н.Энхбаяр бусад нам, эвслүүдтэй яриа хийгээд яваад байгаа бололтой. Эцсийн шийдээ хэлэхгүй бол МАН эвсэх боломжгүй” гэсэн мэдэгдсэн бол УИХ дахь МАН-ын дарга С.Бямбацогт "Эвсэж, нэгдэж сонгуульд орьё гэсэн боловч МАХН тохирооноосоо буцлаа. Ярьсандаа байдаггүй хүмүүстэй ханилж болохгүй гэдгийг яс махандаа шингэтэл ойлголоо” гэдэг тайлбар хийж.

 

 

Олон жилийн түүхтэй МАН-ын удирдлагууд ийм туршлагагүй хүмүүс байж л гэж харагдуулж байна. Улс төрд хэн хэзээ хаашаа ч эргэж болно. Үүнийг 90 жилийн түүхтэй битгий хэл нэг жил ч болоогүй ХҮН-ын туршлагаас харж болохоор. Гэтэл "нулимс унагаад л” яваад байгаа МАН-ын удирдлагуудыг хараад өрөвдөх шиг.

 

Харин тэдний хажууд АН-ынхан чимээгүйхэн хийж сурсан ажлаа хийгээд л Засагт хамтарсан МАХН-аа ирэх сонгуульд ч ашиглаж магадгүй санал болзлуудыг тавиад л "нударга дотроо” тохироо хийж яваа сурагтай. МАХН-д хэдэн суудал авах нь тийм ч чухал биш. Харин намын даргаа "ялаас мултлах” нэн тэргүүнд тулгараад буй асуудал. Ямар сайндаа л намын нарийн бичгийн дарга нь "манай даргыг тайван орхи л доо” гээд л хэвлэлийнхний өмнө өмөлзөж ирээд уйлсан. Энэ ньМАХН-ынхан Н.Энхбаярыг ялгүй болгохын тулд юу ч хийж магадгүй л гэсэн үг юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Н.Энхбаярт уучлал үзүүлсэн. Гэсэн хэдий ч уучлал нь түүнийг сонгуульд оролцох эрхийг нь хязгаарлаад байгаа юм. Н.Энхбаяр нь сонгуульд өрсөлдөж, намаа улс төрийн түвшинд удирдаж чадахгүй л юм бол "мухар гартай” хүн шиг л улс төрийн амьдралд хөндлөнгөөс хутгалдахаас аргагүй байдалд орсон. Тиймээс ямар ч хамаагүй аргаар улс төрд орж ирэх. Ингэхийн тулд хэнийг ч хэзээ ч жийж магадгүй гэдгийг МАН-ынхан л мэдэхгүй гэнэн царайлж байна гэдэг нь л "шал худлаа” санагдаад байгаа юм.

Үндэстэн.мн