|

Дарханы замын 105 хятад ажилчныг авч ирэх хугацааг хойшлууллаа

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдлаа. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд Ө.Энхтүвшин танилцуулав. Дарханы замын 105 хятад ажилчныг оруулж ирэх шийдвэрийг Засгийн газар энэ долоо хоногт гаргасан. Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар тэдгээр иргэнийг авч ирэх хугацааг хойшлуулсан байна. Мөн хилийн боомтуудтай холбоотой шийдвэрийг гаргасан байна. Өөрөөр хэлбэл, Алтанбулаг боомтоор энэ сарын 28 хүртэл Монгол иргэдийг нэвтрүүлэх бөгөөд түүнээс цааш тусгай бэлтгэл, хамгаалалттайгаар авч ирэх юм байна. 

Гаргасан шийдвэрүүдийн талаар тэрбээр, "Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд сунгасан. Бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр зогсоосон хугацааг мөн дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгах шийдвэр гаргасан. Түүнчлэн Цагаан нуурын боомтоор орж ирж буй иргэдийн тоо нэмэгдэж байна. Үүнийг журамлахын тулд тус боомтоор орж ирэх хөдөлгөөнийг гуравдугаар сарын 23-ны өдрийн 20.00 цаг хүртэл үргэлжлүүлээд үүнээс хойш хаана. Алтанбулагийн боомтоор орж ирэх хүмүүс их байгаа тул журамлах шаардлага байна. Ингэхдээ ирэх долоо хоногийн Бямба гарагийн (гуравдугаар сарын 28-н) 06.00 цаг хүртэл хүмүүс хүлээж аваад, үүнээс хойш хаахаар шийдвэрлэлээ. Хилийн боомтоор зорчих хөдөлгөөн их байна. Иймд нэг хэсэгтээ гадаадын жуулчид авахгүй байхаар шийдвэр гаргалаа. Нэмж хэлэхэд, дөрөвдүгээр сарын 5-н хүртэл буюу 14 хоног орон даяар халдваргүйжүүлэлт хийхээр боллоо" гэлээ. 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Ариутгал халдваргүйтгэлийн асуудал маш чухал байгаа тул Монгол Улсын Засгийн газраас үндэсний хэмжээнд ариутгал халдваргүйтгэлийн ажил хийх шийдвэр гаргалаа. Халдвар гарсан орноос иргэд ирж эмнэлэгт 14 хоног тусгаарлагдсаны дараа гэртээ дахиад 14 хоног өөрийгөө тусгаарлах журмыг баталсан. Тусгаарлагдсан иргэдийг дахин гэртээ тусгаарлагдах үйл ажиллагааг орон нутгийн Засаг захиргаа, баг, дүүрэг, хорооны түвшинд анхаарах үүргийг өгсөн. Халдвар авсан, өвчтэй нь нотлогдсон хүмүүсийг эмчилж буй эмч эмнэлгийн ажилтнууд тус хүмүүстэйгээ хамт тусгаарлагддаг" гэлээ.