Дархан-Уул аймгийн хэмжээнд 2020 онд төв зам болон хорооллын доторх авто замд нийт 4500 мкв нүхэн хагарал, 19000 м ан цавыг засварлах ажлыг дөрөвдүгээр сарын 10-ны өдрөөс эхлүүлэхээр болжээ. Дархан хотын дотор 120 орчим км хатуу хучилттай авто зам байдаг аж. Өнгөрсөн амралтын өдөр аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболдоор ахлуулсан ажлын хэсэг нэн түрүүнд засварлах гэмтэлтэй цэгийг тогтоон ажиллажээ.
"Дархан орон нутгийн зам, тээвэр” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар дээрх эвдрэлтэй замын нөхөөсийг хийх аж. Тус газар энэ жил орон нутгийн төсвийн 80 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар бага оврын зөөврийн асфальт бетоны зуурагч, замын хагарал нөхөгч, термопластик будаг халаагч тоног төхөөрөмжүүдийг худалдан авчээ. Ингэснээр зам засварын арчлалтын ажлыг шуурхай, цаг хугацаанд нь гүйцэтгэх боломжтой болсон байна.
Л.Отгонбаатар