2014 онд дээрх замын эхний үеийн ажил буюу 2.4 км автозамын 6.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй тендер зарлагдаж, "Өсөх урам” ХХК нь 6.3 тэрбум төгрөгөөр хийх болж тендерт ялж ажлаа эхлүүлсэн байдаг. Тус компани нь бүтээн байгуулалтын явцад ашигт малтмал ашиглах хүсэлтийг холбогдох мэргэжлийн байгууллагуудад ирүүлээгүй, ямар ч албан ёсны гэрээгүй Дарханчуудын нэрлэж заншсанаар "Антеннтай уул”-ыг дур мэдэн зүүн хойноос нь ухаж ашигласан байгаа юм. Мөн гэрээнд зааснаар замаас гарсан шороон хаягдлыг зөөн, тухайн орчныг хэвийн байдалд нь оруулахад зориулан 150 сая төгрөгийг төсвөөс авсан боловч уг ажлыг одоо болтол хийгээгүй аж. Иймд аймгийн Засаг даргын зүгээс замаас гарсан шороон хаягдлын уулан овоо хотын А зэрэглэлд бий болсныг зөөн, орчныг хэвийн байдалд нь оруулах, ухаж сэндийлсэн уулаа яаралтай нөхөн сэргээх зэрэг шаардлагыг тус компанид тавьсан ч өнөөдрийг хүртэл ямар нэг хариу өгөөгүй байна.
Харин энэ үеэр Өсөх урам ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Ундрал "Антеннтай уул”-ын хайргыг 2.4 км замд ашиглаагүй, Дархан сумын Засаг дарга Б.Азжаргалын зөвшөөрлөөр Мангиртын сайжруулсан замд ашигласан гэсэн тайлбарыг өгөв. Ямар ч замд ашигласан бай Дархан хотын төвд байрлах уулын хойд хэсгээс талыг нь ухаж авсан уг компанийн үйлдэл Дарханчуудын сэтгэлийг өвтгөм дүр зургийг бий болгожээ. Хуулийн дагуу зөвшөөрөл авч ашигласан бол нөхөн сэргээлт хийх ёстой. Нөгөөтэйгүүр хайрганы үйлдвэрүүдээс автозамын хучлагад хэрэглэх хайргаа худалдаж авна хэмээн гэрээнд заасны дагуу 80 сая төгрөг төсөвлөн авсан байна. Гэсэн ч өнөөдөр дур мэдэн уул сэндийчсэн үйлдлийг нь мэргэжлийн байгууллагууд хянаагүй байх юм.
Өнөөдрийн байдлаар Өсөх урам ХХК-д 3.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Захиалагч тал болох аймгийн ЗДТГ-аас олгоод байна. Гэсэн ч ажлын гүйцэтгэлийн хувь тодорхойгүй байгаа тул аймгийн Засаг дарга А.Энхболд: -"Ажлын хэсэг байгуулж, хөндлөнгийн хяналт, үнэлгээ хийлгэж дүгнэлтийг гаргахаар болсон” гэлээ.
Иргэдээс уг замыг нээх хүсэлтийг удаа дараа тавьж байгаа боловч долоон киллометр өргөнтэй, 600 метр орчим замын давхар хучилтын ажил дуусаагүй, замын гэрэлтүүлэг, дохио тэмдэглэл хийгээгүй учраас мэргэжлийн байгууллагуудаас уг замыг нээх боломжгүй гэсэн байна.