|

Москвад “өөрийгөө тусгаарлах” дэглэм тогтоолоо

Коронавирусийн халдварын 1000 гаруй тохиолдол бүртгэгдээд буй Москва хотод өөрийгөө тусгаарлах дэглэм тогтоож буй талаар хотын захирагч Сергей Собянин ням гарагийн орой оршин суугчдадаа хандан мэдэгджээ. Энэ дэглэм гуравдугаар сарын 30-ны даваа гарагаас мөрдөгдөж эхэлнэ. Москва мужид ч ийм арга хэмжээ авч байгаа талаар коронавирустэй тэмцэх штабаас мэдэгдсэн байна. 

Гэрээсээ дараах тохиолдолд гарахыг зөвшөөрнө.

Үүнд: Эмнэлгийн тусламж авах болон эрүүл мэнд, амь насанд аюултай нөхцөл байдалд орсон бол 

Ажилдаа явах нэн шаардлагатай бол ажил руугаа явах 

Ойрын эмийн сан, дэлгүүр орох шаардлага гарвал 

Оршин суугаа газартаа 100 метр дотор гэрийн тэжээвэр амьтнаа салхилуулах тохиолдолд 

Ахуйн хог хаягдлаа гаргах шаардлагатай үед 

Онцын шаардлагагүй бол хотоор зугаалах шаардлагагүй гэдгийг хотын захирагч анхааруулсан бөгөөд гудамж, дэлгүүр, нийтийн тээвэрт иргэд бие биеэсээ 1.5 метр зайтай байх шаардлагатай юм байна. Үүнд такси үйлчилгээ хамаарахгүй гэжээ. Түүнчлэн Москвагийн эрх баригчид ажилгүйчүүддээ  сард 19500 рублийн нөхөн төлбөр олгохоор болсон байна. ОХУ-д коронавирусийн халдварын нийт 1534 тохиолдол, тэдгээрийн 1000 гаруй нь Москвад бүртгэгдсэн байна. Одоогоор есөн хүн уг халдвараар нас барсан нь тогтоогджээ. 

А.Мишээл

Эх сурвалж: ВВС