Урин цаг ирсний дохио... Тал нутагт усны шувууд иржээ.
Бунхан толгойн баруунтаах цөөрөмд хунгийн өнөр бүл тайван хөвөх нь эрхгүй нүд булаана. Нуур цөөрмийг алсаас ажих хүмүүс "Өнөө хэд маань ирж” гэлцэх нь жил бүрийн хавар тэд энд саатдаг учраас тэр.
Хун шувуу үзэсгэлэн төгс, ихэмсэг сүр, үнэнч хайрын бэлгэдэл. Энэ гайхалтай шувууг ажиглан суухад нэн ухаалаг, сүргийн өндөр зохион байгуулалт, дохио харилцаатай болох нь мэдэгдэнэ. Хүн амьтан ойртвол жаахан дөлсхийж, нуурын нөгөө эрэг рүү алгуурхан холдоод явчих. Том шувуу болохоор ч тэр үү, хүнээс үргэж цочих нь бага юм.
Хун шувуу 8-20 кг жинтэй, бие нь 140-160 см, далавчаа дэлгэхэд 205-275 см урт болдог аж. Жин ихтэй, том шувуу болохоор нэлээд урт зайд гүйж, далавчаараа ус алгадан байж эрч аваад хөөрнө.
Д.Дэлгэрмаа