|

Ардчилсан Монголын ‘хоншоортой’ улс төр

Дунд ангийн сурагч байхад Ерөнхий сайд С.Баяр манай сургуульд зочлох зар тарав. Сургаар нь бүх сурагчдыг дайчлан гар хүрэх, нүдэнд үзэгдэх бүхнийг цэвэрлэх их цэвэрлэгээ өрнөв. Харамсалтай нь зочин ирсэнгүй. Багшийн хэлснээр Ерөнхий сайд дүүргийн аль нэгэн улсын сургуульд зочилно гэснээс яг манайхыг сонгоогүй байсан юм билээ. Юмыг яаж мэдэх вэ гээд субботник өрнөсөн аж. Ерөнхий сайдыг хүлээн авсан "азтай” сургууль бас баахан субботник хийж. Гэхдээ Ерөнхий сайд ирлээ гээд уг сургууль нь шинэ, сурагчид нь ухаантай, багш нар нь илүү мундаг болчихоогүй л дээ.  
Улс төрд бас сонгууль дөхөхөөр субботник болдог. Технологи нь энгийн. Өрсөлдөгчдөө сенсаацитайгаар хэрэгт холбогдуулж гүтгэнэ, шалгуулна. Тэгээд хэрэгт холбогдсон гэх үндэслэлээр сонгуульд өрсөлдөх эрхийг нь түдгэлзүүлнэ, эс чадвал нэр хүндийг нь унагана. Ингээд сонгуулийн дараа бүгд бүхнийг мартацгаана. Энэ бол Ерөнхий сайд ирлээ гээд сургуульд юу ч өөрчлөгдөхгүйтэй л адил юм.
Сүүлийн үеийн улс төрийн субботникийн түүхүүдтэй танилцвал, Венесуэлийн дарангуйлагч Николас Мадуро 2018 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг угтан өөрийн гол өрсөлдөгч, сөрөг хүчний тэргүүн Леополдо Лопезыг 2014 онд нийслэл Каракас хотноо болсон жагсаал цуглааны үеэр үймээн дэгдээсэн, нийтийн өмчийг сүйтгэхэд турхирсан, терроризм үйлдсэн зэрэг үндэслэлээр 13 жил гэрийн хорионд оруулах ялаар шийтгэж байв. Ийнхүү гол өрсөлдөгчөө замаасаа зайлуулсан Мадуро сөрөг хүчний нэр дэвшигч Анри Фалкон болон санал хуваах зорилготой нэр дэвшсэн Хавьер Бертучи нарыг 67.8 хувийн саналаар ялж, өнөөгийн бүрэн эрхээ олж авсан түүхтэй.
Сөрөг хүчнүүд болон ажиглагчид энэхүү сонгуулийн үр дүн, шударга болсон эсэхэд өнөөдрийг хүртэл эргэлздэг. 2018 оны Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшээд байсан Леополдо Лопез хэрэв түүнтэй өрсөлдсөн бол ялах магадлал тун өндөр байсан гэж ажиглагчид үздэг. Хүний эрхийн төлөөх "Foro Penal” ашгийн бус байгууллагын мэдээлснээр Николас Мадуро 2013 онд төрийн эрхэнд гарснаасаа хойш өөрийн томилсон шүүх, прокурор, тагнуулын удирдлагуудын тусламжтай нийт 230 гаруй улстөрийн өрсөлдөгчдөө яллаж хорих, цөлөх зэргээр замаасаа цэвэрлэсэн аж. 
Тайвань болон Хонконгт сонгуулийн өмнө ардчиллын төлөө тэмцэгчдэд хэрэг үүсгэн шалгаж, зарим нэгийг нь хорьж, сонгуулийн дараа буцааж суллах явдал бараг зүй тогтол болжээ. Хамгийн сүүлийн жишээ нь 2019 оны тавдугаар сард Хонконгийн ардчиллын төлөө тэмцэгч Жошуа Вонгод 2014 оны Шүхрийн хувьсгалын үеэр эмх замбараагүй байдал үүсгэсэн хэргээр хоёр сар хорих ял оноосон. Тэрээр өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын 24-нд болсон Хонконгийн орон нутгийн сонгуулийн өмнө суллагдсан ч хэрэгт холбогдон шалгагдаж буй гэх үндэслэлээр түүнийг нэр дэвшихийг хориглосон юм.
ОХУ-ын 2018 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Владимир Путин субботник хийж, гол өрсөлдөгч Алексей Навальный ч түүнд нь өртсөн. Түүний 2013 онд нэр холбогдож, дараа нь цагаатсан авлигын хэргийн улмаас ОХУ-ын Сонгуулийн ерөнхий хороо Ерөнхийлөгчийн сонгуульд Навалньныйгийн нэр дэвших эрхийг 2017 оны арванхоёрдугаар сард түдгэлзүүлсэн юм. Тэрээр Дээд шүүхэд гомдол гаргасан ч шийдвэрийг хэвээр үлдээсэн билээ. Владимир Путин харьцангуй сул хоёр өрсөлдөгчөө илт давуу ялж, сонгуулийн дараа Навалньныйгийн сүр дуулиантай хэрэг мартагдсанаар хэрэг явдал өндөрлөсөн.
Сонгууль дөхсөн учир Монголын улс төрд ч субботник эхэлжээ. Тухайлбал, Ерөнхий сайд асан М.Энхсайхан 2015 онд буюу Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн Засгийн газарт сайд байхдаа Тавантолгойн төсөлд Монгол Улсад илт хохиролтой гэрээ байгуулсан шалтгаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр прокурорт шалгагдаж эхэлсэн. Түүнийг хэргийн нотлох баримт задруулж, хэргийн бусад оролцогчдод нөлөөлж болзошгүй гэх үндэслэлээр 461-р ангид хориод байгаа юм.
Өрсөлдөгчдийг намнах ажиллагаа эхэлсэн нь Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Шадар сайд асан Да.Ганболд, Сангийн сайд асан С.Баярцогт, Хотын дарга асан Э.Бат-Үүл зэрэг сөрөг хүчний лидерүүд ээлж дараалан шалгагдаж эхэлсэн явдал байж болох юм. Гэхдээ манай улсад арай ч дарангуйлал байхгүй учраас эдгээр хүмүүс шударгаар шалгагдаж байгаа биз. Ер нь дэлхийн өөр хаана ч хоёр Ерөнхийлөгч, дөрвөн Ерөнхий сайдаа дараалан шалгадаг улс төр нь сенсаацаар дүүрэн улс байхгүй. Гол нь ардчилсан улс хэрнээ өрсөлдөгчөө дарангуйлагч улс шиг хэлмэгдүүлж чаддаг "хоншоор”-той улс төр Монголд л бий.  
О.Мөнхбат
Эх сурвалж: Itoim.mn