Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болсон. Хурлаар Япон улсын Күмамото, Оита мужид хүчтэй газар хөдлөлт болсны улмаас олон хүний амь нас эрсдэж, эд материалын их хэмжээний хохирол учирсан. Япон улсад буцалтгүй тусламж болгон 50 мянган ам.долларыг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайдад зөвшөөрлөө.
Мөн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн тухай хуулийн төслийг дэмжиж УИХ-аар хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Монгол наадам үндэсний спорт цогцолборын батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу хэрэгжилтийг үе шаттайгаар зохион байгуулахыг Зам, тээврийн сайд М.Зоригт, Эрчим хүчний сайд Д.Зоригт, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нарт даалгалаа.
Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэн дэмжиж, хуралдаан дээр Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган үзэл баримтлалыг баталж, хуулийн төслийг болосвруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Хууль зүйн сайд Д.Дорлигжав нарт даалгасан байна.