Угтаа бол УИХ-ын гишүүн гэдэг бол таны хувьд амьдралын чинь хүрдийг яаж ч эргүүлж чадах эрх мэдэл юм шүү дээ. Төрд таныг төлөөлж байгаа төлөөлөл. Гишүүнд асар их эрх мэдэл бий. Таны, таны үр хүүхдийн хувь заяаг ямараар ч зурж чадах, хараар ч будаж мэдэх эрх мэдэлтэн. Тэр эрх мэдлийг та нэг саналаараа өгч байгаа юм. Саналаа өгөхгүй байлаа гэхэд та "Миний амьдралыг ирээдүйд хэн ч жолоодож болно” гэсэн үг. Энэ үг бол шууд утгаараа шүү. Дөрвөн жилийн хугацаанд тэр гишүүн энэ улс орныг тамын тогоо болгож чадна. Таны хоолыг ховх хулгайлаад идэж чадна. Жишээ нь, манай нэг бизнесмэн ярьж байгаа юм, "Энэ муусайныг харахаар дургүй хүрээд байх юм. Хэн нь ч гарсан адилхан хулгайлна. Би ч зүгээр мөрөөрөө бизнесээ хийж явъя” гэж. Тэгээд зээл яриад яваад байгаа юм. Тэгвэл тэр бизесмэний авах ёстой ЖДҮ-ийн санд байсан 150 тэрбум төгрөгийн 120 тэрбумыг нь УИХ-ын ихэнх гишүүд хулгайлчихсан. Өнөөдөр цөөнгүй нь дахин нэр дэвшээд явж байна. Ингэхээр тэр бизнесмэн Их хурлын сонгуулиар ядаж ЖДҮС-г тонохгүй хүнийг сонгохын төлөө саналаа өгөх ёстой. Зөвхөн яриад бухимдаад, сонгуульд оролцохгүй гээд яваад байгаа нь "Дахиад хулгайч нар төрд гарвал гараг” гэж дам тэднийг дэмжиж байгаа хэрэг. Үглээд яах юм, өөрөө үйлдлээрээ хулгайчид төрд гарахыг дэмжиж байгаа байж. Машин худалдан авахаас ангид өөр, нарийн зүйл гэдэг нь эндээс харагдаж байгаа биз.
ЖДҮ-гийн хулгай ийм байж. Тэгвэл бүр нарийсаад хуулийн хулгайчид гэсэн нэр томьёо Монголын улс төрд сүүлийн дөрвөн жилд хүчтэй орж ирлээ. УИХ-ын гишүүд өөрсдийн эрх ашигтаа нийцүүлсэн хууль зохиож төрөөс хулгай хийдэг. Хулгайгаа хаацайлдаг. Бүр өршөөдөг. Хуулийн хулгай бол бүр ч аюултай. Нэг л өдөр хулгайлсан хуулийнх нь дагуу мөрөөрөө ажиллаж амьдарч яваа таныг шоронд дуудаж болно. Тийм том эрх мэдлийг сонгох эрхээ хариуцлагатай хэрэгжүүлээгүй иргэн та олгосон юм. УИХ-д бүх эрх мэдэл бий. Нэг өглөө босоод ирэх нь ээ, хотын гудамжинд танк ороод ирчихсэн, Онц байдал зарлачихсан, таны хөрөнгийг битүүмжлээд зогсож байвал та яах юм. Тийм аймаар эрх мэдлийн боломж тэдэнд олгочихсон учраас та хар толгойгоо шаахаас өөрөөр юу ч хийж чадахгүйд хүрсэн байна. Бид үр хүүхдээ эх орноос нь алс, харьд мөнх амьдруулах гээгүй биз дээ. Тийм бодолгүй л юм бол та ядаж үр хүүхдийнхээ өмнөөс очиж саналаа өг. Өнөөдөр улс төрд хэдэн дүр бий. Архаг улстөрч, мөнгөтэй бизнесмэн, сүржин популист, бас урлаг спортын одод гээд... Тэгвэл тэднээс ч аюултай хуулийн хулгайчид, улс төрөөр ашиг хонжоо хайгсад, өөрийн гэсэн улс төрийн технологитой баг зүүсэн дээрэмчид тэдэн дотор чинь олноороо нэр дэвшиж байна. Сонгуульд идэвхгүй, хариуцлагагүй хандаж байгаагаараа Та тэднийг дэмжих гэж байна.
Тэдэнтэй зэрэгцэн үндэсний сэхээтнүүд, шударга улс төрчид, өндөр боловсролтой иргэд маань зэрэгцэн өрсөлдөж байна. Тэд хүчгүйдэж байна. Тэднийг очиж дэмжмээр байна, саналаа өгмөөр байна. Хүмүүс дор бүрдээ туйлдаж байгаа нийгмийн тухай ярьж байна. Баян, ядуугийн ялгаа тэнгэр, газар шиг болж байна гэх. Тийм байдалд хүргэж байгаа хүмүүс нь хэн юм. Сая нэрлэдэг луйварчид. Өнөөдөр нэг онцлог бий нь бий. Нийгэм ямар ч байсан бага багаар өөрчлөгдөж байна. Өөрчлөгдөхийг хаа хаанаа хүсч байна. Ер нь нийгэм 30 жилдээ нэг өөрчлөгддөг гэж үздэг юм билээ. Тийм цаг үе дээрээ явж байгаа бололтой. Ардчилсан хувьсгалаас хойш одоо нэг өөрчлөөд, гаргасан алдаан дээрээ суралцаад, дараагийн шатандаа орох цаг болсон ч юм бил үү хэн мэдлээ. Ийм цаг үе нь үнэхээр болсон юм бол иргэн бүр сонгуульдаа идэвхтэй оролцож мэргэн сонголт хийх цаг болжээ.
УИХ-ын гишүүний үйл ажиллагаа, бодлого шийдвэр гэдэг бол та бидний амьдралд шууд тусдаг юм. Биднээс хол юм ердөө ч биш. Саяхан хэдэн төгрөгөөр тэтгэвэр нэмэхэд ахмадууд ямар их баярлав. Энэ чинь жишээ нь Их хурлын гишүүний хийсэн ажил шүү дээ. Гэхдээ энэ бол иргэн хүн төрд өгсөн мөнгөө буцаагаад авч байгаа болохоос төрийн хишиг хүртээгүй. Тэтгэвэр, нийгмийн даатгалын санд реформ хийхийг иргэн та сонгосон төлөөллөөсөө шаардах эрхтэй. Тухайлбал, "Бидний улсад төлсөн шимтгэлийг буцаагаад зөв байдлаар өгч байх шинэчлэлийг хийгээд өгөөч” гэж. Сэтгэлтэй, боловсролтой хүнийг УИХ-д төлөөллөөрөө сонгочихоод энэ мэт амьдралд хэрэгтэй шийдвэрүүдийг гаргуулаад суух боломж бид бүхэнд наад зах нь байна шүү дээ. Зүгээр л жишээлж байгаа юм шүү. Энэ нь зөвхөн тэтгэврийн насныханд хамаатай юм биш. Залууст бүр их хамаатай. Залуу хүн та ипотекийн зээл авах гэж байгаа бол тэтгэврийн сан дахь хуримтлалынхаа тодорхой хувийг нь зээлээ төлөхөд зарцуулна. Ингэхээр тэтгэврийн сангийн мөнгө эдийн засгийн эргэлтэд орно. Тэтгэврийн сан гэдэг нь зөвхөн эмээ өвөө нарт хамаарах асуудал биш болчихож байгаа биз дээ. Сингапурт яг ийм тогтолцоо хэрэгжиж, залуус нь тэтгэврийн сандаа хуримтлуулсан мөнгөөрөө байрныхаа урьдчилгааг төлдөг. Энэ мэт амьдралд өдөр бүр тус болох бодлого шийдвэрүүдийг таны сонгосон гишүүн тань гар хөлийнхөө үзүүрээр шийдээд сууж байдаг эрх мэдэлтэн юм. Ганцхан бид ухаалаг, хариуцлагатай сонголт хийж чаддаггүй учраас 30 жил ийм байдалтай явж ирлээ.
Бүр том зургаар нь яривал, өөрт буй 10 сая төгрөгийг зарцуулахдаа айхавтар хариуцлагатай чамбай ханддаг байж, улс орны чинь төсөв болох 10 их наядыг зарцуулах 76 хүн дээр ухаалаг сонголт хийхэд оролцооч. Үнэн хэрэгтээ танд буй 10 сая, 10 их наяд хоёр агаар нэг юм шүү дээ. Сонгуульд оролцохгүй, оролцлоо ч хайнга, хөндий хандчихаад дараа нь гоншигноод суух хэрэггүй юм биш үү. УИХ-ын гишүүний хувь заяа иргэн таны гарт л байгаа, таны хийх сонголтод л байгаа... Өөрийнхөө хувь заяаг өөр нэгэнд даатгадаг адгуус ч энэ замбуулинд байдаггүй юм.
Б.Нямаа
Эх сурвалж: Өдрийн сонин