|

Хойд Солонгос халдвар бүртгэгдээгүй гэж мэдэгдлээ

БНАСАУ-д коронавирусийн халдварын тохиолдол нэг ч бүртгэгдээгүй гэж Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын албан ёсны хэвлэл болох Rodong Sinmun мэдээлснийг Ёнхап агентлаг дамжууллаа.

"Манай улсад шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан нэг ч тохиолдол өнөөдрийг хүртэл гараагүй" хэмээн мэдэгджээ.

Долдугаар сарын 30-ны пүрэв гаригийн байдлаар Пхеньян Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон бусад холбогдох олон улсын байгууллагад коронавирусийн халдварын батлагдсан тохиолдлын талаар мэдээлээгүй байна.

Харин өнгөрсөн долоо хоногт Кэсон хотод коронавирусийн сэжигтэйд тооцогдсон дүрвэгчийн шинжилгээний хариу ямар гарсан талаарх мэдээлэл хараахан гараагүй байгаа юм.

Эргэн сануулахад, Хойд Солонгост коронавирусийн халдварын сэжигтэй анхны тохиолдол бүртгэгдсэн талаарх мэдээлэл долдугаар сарын 25-ны өдөр гарч байлаа. Халдварын сэжигтэй гэгдсэн хүн долдугаар сарын 19-ний өдөр Хойд болон Өмнөд Солонгосын хоорондын цэрэггүй бүсээр хууль бусаар нэвтэрсэн байжээ. Түүнийг тусгаарлан, хавьтагчдыг олж илрүүлэх ажил явагдаж байгаа талаарх мэдээлэл гарч байв.

Улмаар энэ үйл явдалтай холбоотойгоор Хойд Солонгосын Төв хороо шуурхай хуралдаж, тус улсын удирдагч Ким Жон Ун Кэсон хотыг хааж, онц байдал тогтоон, бусад бүс нутгуудаас бүрэн тусгаарлахыг үүрэгдэж байсан юм.

Харин долдугаар сарын 28-ны өдөр Өмнөд Солонгосын Эрүүл мэндийн яамны дэргэдэх Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн албан ёсны төлөөлөгч Юн Тхэ Хо мэдэгдэл хийхдээ "Өмнөд Солонгосоос БНАСАУ руу нууцаар нэвтэрсэн дүрвэгч коронавирусийн тээгч байгаагүй" гэж онцолсон. Түүний өгүүлснээр, дээрх дүрвэгч коронавирусийн халдвартай, халдвартай хүнтэй хавьтсан гэдгээр ч бүртгэгдээгүй гэнэ. Юн Тхэ Хогийн онцолсноор дүрвэгчийг алга болохоос өмнөхөн түүнтэй ойрын хавьталд байсан хоёр хүнд шинжилгээ хийхэд хариу нь сөрөг гарсан байна.

COVID-19: Хойд Солонгос дахь халдварын тохиолдол батлагдсангүй

Г.Бямбасүрэн, Shuud.mn