Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ Энэтхэгт анх илэрсэн коронавирусний "B.1.617” хувилбарыг "анхааралдаа авах” ангиллаас "анхааралтай ажиглах” ангилалд оруулж буйгаа даваа гарагт мэдэгдлээ.ДЭМБ-ын "COVID-19”-ийн асуудал хариуцсан дарга Мария ван Керховегийн мэдээлснээр, "B.1.617” хувилбар илүү хурдан тархдаг байж болзошгүйг урьдчилсан байдлаар тогтоожээ. Мөн Энэтхэгт уг хувилбараас гадна Их Британид анх илэрсэн, хурдан халдварладаг болох нь тогтоогдсон "B.1.1.7” хувилбар ч мөн тархаж байгааг анхааруулжээ.
Энэтхэгт анх илэрсэн хувилбар вакцинуудад тэсвэртэй байж болзошгүй байдал ажиглагдсан тул "анхааралтай ажиглах” хувилбарын ангилалд оруулсан гэдгийг М.Керхове онцлоод, уг хувилбар Энэтхэгээс гадна 30 гаруй улс оронд хэдийнээ илрээд буйг мэдээлсэн байна.
Шинжээчид Энэтхэгт саяхнаас халдвар авсан, нас барсан тохиолдлын тоо огцом нэмэгдэх болсонд уг хувилбар холбоотой байж болзошгүйд санаа зовниж байгаа юм. Даваа гарагт Энэтхэгт халдварын 370 мянган тохиолдол шинээр илэрч, 3700 хүн нас баржээ. Гэвч мэргэжилтнүүд бодит тоон үзүүлэлт түүнээс хавьгүй өндөр байж болзошгүй хэмээн хэлж байна.
ДЭМБ Бразил, Их Британи, Өмнөд Африкт анх илэрсэн хувилбаруудыг өмнө нь "анхааралтай ажиглах” хувилбарын ангилалд оруулсан бөгөөд үүнд 2019 оны сүүлээр БНХАУ-д анх илэрсэн анхны вирусээс илүү аюултай гэж үзсэн хувилбаруудыг оруулж байгаа юм.