|

Л.Оюун-Эрдэнэ: Анх удаа төрийн тэргүүнээ 6 жилээр сонгох гэж байна

 

Л.Оюун-Эрдэнэ: Анх удаа төрийн тэргүүнээ 6 жилээр сонгох гэж байна

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох найм дахь удаагийн сонгууль өнөөдөр /2021.06.09/ болж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, "Зөв хүн-Электорат" эвслээс Д.Энхбат нар нэр дэвшин, өрсөлдөж байна. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, хотын дарга Д.Сумъяабазар нар "Дүнжингарав" худалдааны төвийн эсрэг талд байрлах "Global innova" сургуулийн санал авах байранд очиж, саналаа өглөө.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ үеэр хэвлэлийнхэнд товч яриа өглөө. 

Тэрбээр "Эрх чөлөөт иргэний хувьд эрх, үүргээ биелүүлж саналаа өглөө. Энэ удаагийн сонгууль хоёр зүйлээр онцлог. Нэгд, бид цар тахалтай амаргүй үед сонгууль зохион байгуулж байна. Зардал багатай, тайван сонгууль болж байна. Иргэдийн идэвх сайн байгаад талархаж байна. Өмнөх сонгуультай харьцуулбал бүх хороодод ирц өндөр хувьтай байна.

Хоёр дахь том онцлог нь бол Монгол Улс 1992 оноос хойш ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш анх удаа төрийн тэргүүнээ зургаан жилээр сонгох гэж байна. Өнгөрсөн 30 жилийн нэг асуудал байсан нь сонгуулиас сонгуулийн хооронд буюу маш бага хугацаанд, Засгийн газар гэхэд дунджаар 1,5 жилд ажиллах боломжтой байлаа. УИХ-ын сонгуулийн дараа орон нутгийн сонгууль, үүний дараа Ерөнхийлөгчийн сонгууль болдог. Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс хамаарч улс төрийн асуудал үүсдэг. Ингээд нэг жилийн дараа УИХ-ын сонгууль болдог давтамжтайгаар өнгөрсөн 30 жилийг бид өнгөрүүллээ. Энэ удаагийн сонгууль том шинэчлэлийн эхлэл болно гэсэн хүлээттэй байна.

Цар тахлын үед зайгаа барьж, төрийн сонгуульдаа идэвхтэй оролцоорой гэж та бүхэндээ уриалж байна. Бүрэн эрхээ хэрэгжүүлж дуусгасан гуравхан Засгийн газар байдаг. Л.Жасрай, Н.Энхбаяр, У.Хүрэлсүхийн Засгийн газар өнгөрсөн 30 жилийн хугацаанд дөрвөн жилийн бүрэн эрхээ дуусгасан. Иймд урт хугацааны хөтөлбөр, бодлогоо хэрэгжүүлэхэд Засгийн газар нь тогтвортой ажиллах хэрэгтэй байдаг тул ард иргэд маань ултай суурьтай сонголт өгөөрэй" гэв.