Дэлхийн олон оронд дэлгэрээд буй илүү халдвартай, хоруу чанартай "Дельта” буюу анх Энэтхэгт илэрсэн коронавирусний хувилбар бусад хувилбараас хэд хэдэн шинж тэмдгээр ялгагддаг болохыг эмч нар анхааруулж байна.
КОВИД-19 халдварын ерөнхий шинж тэмдэг болох
- Ханиах
- Өндөр халуурах
- Амтлах, үнэрлэх чадвараа алдах зэрэг шинж тэмдэг дээр
- Толгой өвдөх
- Хоолой хорсох
- Хамар битүүрэх зэрэг шинж тэмдэг шинээр нэмэгджээ.
Ингэхдээ эдгээр шинэ шинж тэмдгийг коронавирусний халдварын үед илэрдэг бусад зовууртай нэгтгэн авч үзэх хэрэгтэй аж. Учир нь өвчтөн бүрт өвчний өөр өөр шалтгаан бий.
Тухайлбал, ургамлын харшилтай хүмүүст хоолой хорсох, хамар битүүрэх, толгой өвдөх зэрэг зовуур түгээмэл байдаг. Хэрэв ургамлын харшил нь энгийн үеэс арай өөр хэлбэрээр илэрч байвал эмчид хандахыг зөвлөж байна.
"Zoe Covid Symptom study” судалгаа явуулсан профессор Тим Спекторын анхааруулснаар, "Дельта” хувилбараар халдварласан залуу хүмүүст хурц ханиад хүрсэн мэт шинж тэмдэг илэрдэг байна. Өвчтөнд өөрт нь таагүй мэдрэмж төрөхгүй ч энэ омог илүү халдвартай тул ойр дотнын хүмүүстээ тараах аюултай гэж мэргэжилтнүүд сэрэмжлүүлж байна. Тиймээс дээрх шинж тэмдэг илэрвэл шинжилгээ хийлгэхийг зөвлөжээ.
Мянга гаруй хүний мэдээлэл дээр үндэслэн коронавирусний ерөнхий шинж тэмдэг өдгөө илрэх нь ховордож байна гэж профессор Спектор дүгнэсэн байна. Тавдугаар сард хамгийн түгээмэл бүртгэгдсэн шинж тэмдэг урьд өмнөх шинж тэмдгээс ялгагдах болсон гэж тэрбээр онцолжээ. Энэ өөрчлөлтүүд нь "Дельта” омгоор халдварлах нь ихэссэнтэй холбон тайлбарлаж байна. Өдгөө Их Британид халдварын тохиолдлын нийт тохиолдлын 90 орчим хувийг "Дельта” омог эзэлж байна.
Өндөр халуурах шинж тэмдэг хэвээр илэрч байгаа ч амтлах, үнэрлэх чадвар алдагдах зовуур КОВИД-19-ийн 10 ерөнхий шинж тэмдгийн жагсаалтаас хасагджээ.
Харин "британи” омгийн онцлог нь хүчтэй ханиах, бие сульдах, зарим тохиолдолд үнэрлэх чадвараа алдах зэрэг шинж тэмдэгтэй.
Тим Спекторын хэлснээр, коронавирусний шинэ омог бусдаасаа өөрөөр үйлчилж байна. Хүмүүст улирлын томуугийн нэг хэлбэр туссан мэт санагддаг тул бусдыг халдварлуулах эрсдэл өндөр байна. Тиймээс хэрэв та залуу бол танд хөнгөн шинж тэмдэг илрэх магадлал өндөр. Энгийн ханиад эсвэл бие тавгүйрхсэн мэт санагдвал өөрийгөө тусгаарлаж, шинжилгээ хийлгэхийг эмч нар хичээнгүйлэн хүсэж байна. Эх сурвалж: ВВС агентлаг