|

Нэг удаа үнэ төлбөргүйгээр цахим гарын үсэг олгоно

 

Нэг удаа үнэ төлбөргүйгээр цахим гарын үсэг олгоно

 

Монголчууд нийтээрээ цахим гарын үсэгтэй болох хуулийг парламент дэмжлээ. Одоогийн байдлаар 10 жилийн хугацаанд 38 мянган цахим гарын үсэг олгосон  нь тун чамлалттай гэж үзэв. Тиймээс шинэ хуулийн төсөлд 2.2 сая гаруй иргэний үнэмлэх дээр цахим гарын үсгийг суулгаж өгөхөөр тусгалаа.  Ингэхдээ иргэдэд нэг удаа үнэ төлбөргүйгээр цахим гарын үсэг олгохоор боллоо. Иргэд нэмэлтээр цахим гарын үсэг авахаар бол хувийн байгууллагад хандан үнэ төлбөртэйгөөр авч болно. Харин өв залгамжлал, гэрлэлтээ батлуулахад тоон гарын үсгээр явахгүй, өөрийн биеэр очдог хэвээрээ байх юм. Энэ үеэр Ажлын хэсгийн ахлагч Н.Учрал "Хууль 2022 оны гуравдугаар сарын 1-нээс хэрэгжих бүрэн боломжтой гэж үзэж байна. Шаардлагатай тайлан мэдээлэл цахимд шилжих боломжтой. Түүнээс биш салбар бүрт мэдээллийн технологийн төв байгуулна гэж байхгүй” гэлээ. Хууль зүй, дотоод хэргийн яамны ТНБД  Б.Баасандорж "УБЕГ 2.2-2.3 сая иргэн бүрт тоон гарын үсэг олгоход техник тоног төхөөрөмж, хүний нөөцтэй холбоотой зардлын тооцоог хийсэн. Улсын хэмжээнд 340 сум, сууринд үйл ажиллагаа явуулдаг. Ерөнхий газар дээрээ IT чиглэлийн 24 алба хаагч ажилладаг. Мэргэжлийн үндсэн ажилтан 17 бий. Энэ хууль  батлагдвал орон тоо нэмэхгүйгээр УБЕГ-т ажиллаж байгаа хүмүүстээ түшиглэн ажиллана. 2022 оны төсөв дээр тоон гарын үсгийн дэд бүтэцтэй холбоотой зардлуудыг Хууль, зүй дотоод хэргийн сайдын багцад суулгаж өгсөн. Тооцоод үзэхэд ес хүртэлх орон тоо нэмэгдэнэ” гэсэн мэдээллийг өгсөн юм. 


ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧДАД МӨНГӨН УРАМШУУЛАЛ ОЛГОНО 

 

Чуулганы хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжив. 
239.5 тэрбум төгрөгийн төлбөртэй Монгол Улсын 1569 иргэн, 20.5 тэрбум төгрөгийн төлбөртэй гадаад улсын 42 төлбөр төлөгчид хилийн хориг тавьсан байсныг цуцлах шийдвэрт гүйцэтгэх ажиллагаа явагдсан. 2018 онд 211.4 тэрбум төгрөгийн төлбөртэй 719 төлбөр төлөгчдийн хилийн лавлагааг эрх бүхий байгууллагаас авахад 194.6 тэрбум төгрөгийн төлбөртэй 630 төлбөр төлөгч хилээр гарсан. Мөн 2019 оны гуравдугаар сарын 11-ний байдлаар 22.3 тэрбум төгрөгийн төлбөртэй 174 төлбөр төлөгч Монгол Улсын хилээр орж, гарч шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулсан бол 138 төлбөр төлөгч гадаад улсад ажиллаж, амьдарч байгаагаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах боломжгүй байдал үүсээд байгаа аж. Энэ нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх үйл ажиллагаанд хүндрэл үүсгэж, төлбөр төлөгчийг төлбөр төлөхөөс зайлсхийх боломжийг бий болгож байгаа учраас  албадлагын арга хэмжээг гүйцэтгэх зохицуулалтыг дахин бий болгох шаардлагатай гэж үзжээ. Хуулийн төсөлд аймаг, нийслэлийн төвөөс бусад сум, алслагдсан газарт таван жил тасралтгүй ажилласан алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгохоор тусгажээ. Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 3000 гаруй алба хаагч ажиллаж байна. Шинэ хуулиар суманд ажиллаж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдад нэмэгдэл олгоно. Эхний ээлжинд зургаан тэрбум төгрөгийн зардал, цаашид жилд 1-2 тэрбум төгрөгийн зардал гарна гэж тооцоолж байна. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хот болон аймгийн төвөөс бусад суманд ажиллаж байгаа алба хаагч нарт нэмэгдэл олгоно” гэлээ.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.29 БААСАН № 213 (6690)