Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын явц, өмнө өгсөн үүрэг даалгаврын биелэлттэй танилцжээ. Энэ үеэр тус замыг түр хугацаагаар нээх шийдвэр гаргасан байна. Тодруулбал, энэ сарын 15-наас ирэх гуравдугаар сарын 15-ныг хүртэл тус замыг түр нээнэ. Замын бүтээн байгуулалтын явц одоогоор:
-I багц буюу баруун аймаг руу салах уулзвараас Хар модот давааны ар хүртэл 37.28 км замын Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй ажлын гүйцэтгэл 95 хувь, Европын сэргээн босголт хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа хэсэгт 62.48 хувьтай үргэлжилж байна.
-II багц буюу Хар модот давааны араас "Урьхан” хүртэлх 45.5км хатуу хучилттай авто замын Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа хэсэг 18.5 хувь, Европын сэргээн босголт хөгжлийн банкны зээлээр хийж байгаа нь 36.73 хувийн гүйцэтгэлтэй байна.
-III багц буюу Урьханаас сүмбэрийн уулзвар хүртэлх 45.74 км замын Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй хэрэгжиж буй авто замын ажил 97 хувь, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа хэсэг 34.35 хувьтай байна.
-IV багц буюу Сүмбэрийн уулзвараас Цайдмын хөндий хүртэлх 45.08 км автозамын ажлын Азийн хөгжлийн банкны зээлийнх 8.26, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зээлийнх 30.64 хувийн гүйцэтгэлтэй байна.
-V багц буюу Цайдмын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 28.84 км замын Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр баригдаж байгаа хэсэг 99 хувь, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа хэсэг 43.33 хувьтай гүйцэтгэлийн ажил хийгдэж байна.