|

Байден Орос, Украиныг кибер халдлагад буруутгаж тайлбар хийлээ

Байден Орос, Украиныг кибер халдлагад буруутгаж тайлбар хийлээ


АНУ кибер гэмт хэргийн үйл ажиллагааг таслан зогсоохын тулд Засгийн газрын бүх хүчийг дайчилж байна. Оросын Евгений Полянин, Украины Ярослав Васинскийн эсрэг кибер гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллаж, хориг арга хэмжээ авчээ. Энэ тухай даваа гарагт Америкийн ерөнхийлөгч Жо Байден тайлбар хийх үеэрээ мэдэгдэв.
Тэрбээр "Бид кибер орон зай дахь хорлонтой үйл ажиллагааг таслан зогсоохын тулд холбооны Засгийн газрын бүрэн эрх мэдлийг ашиглаж, дотоодын хамгаалалтыг бэхжүүлж, мөнгө угаахын тулд виртуал валютыг урвуулан ашигладагтай тэмцэнэ.
Мөн түүнчлэн гэмт хэрэгтнүүдийн орогнох газартай тэмцэхэд олон улсын хамтын ажиллагааг ашиглах болно" гэж мэдэгдэлдээ дурджээ. Мөн "Би зургадугаар сард Женевийн дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай уулзахдаа АНУ кибер гэмт хэрэгтнүүдийг хуулийн өмнө хариуцлага тооцуулна гэдгийг тодорхой хэлсэн. Үүнийгээ бид өнөөдөр хийлээ" гэж Байден нэмж хэлэв.
Тэрбээр кибер аюулгүй байдлыг хангах нь түүний удирдлагын нэн тэргүүний зорилт гэдгийг онцлон тэмдэглэв. "Хийх зүйл их байгаа ч бид амин чухал дэд бүтцээ кибер халдлагаас хамгаалах, бидний аюулгүй байдалд заналхийлж буй хүмүүст хариуцлага тооцох, энэ сүлжээг тасалдуулахын тулд дэлхий даяарх холбоотнууд болон түншүүдтэйгээ хамтран ажиллах чухал алхмуудыг хийсэн. Миний засаг захиргаа Америкийн ард түмэн болон Америкийн ашиг сонирхлыг кибер аюулаас хамгаалахын тулд бидэнд байгаа бүх хэрэгслийг үргэлжлүүлэн ашиглах болно" гэв.
 
З.Батцэцэг 
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин