АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, Хятадын удирдагч Ши Жиньпинтэй төрийн тэргүүний хувиар анх удаа цахимаар уулзлаа. Өмнөх ерөнхийлөгч Дональд Трампын үед хоёр орны харилцаанд том хагарал үүсэж хурцадсан билээ. Тиймээс энэ удаагийн уулзалтыг хоёр орны харилцаа сайжрах гол түлхүүр хэмээн ажиглагчид үзэж байна. Тэд уулзалтаар уур амьсгалын өөрчлөлт, худалдаа, цар тахал болон армийн удирдлага гэсэн хэд хэдэн чухал асуудлын талаар бодитой шийдвэрт хүрээгүй ч харилцаагаа тогтвортой байлгахаа харилцан хүлээн зөвшөөрчээ.
Цагаан ордны албаныхны мэдээлснээр хоёр улсын удирдагч нар гурван цаг гаруй үргэлжилсэн цахим уулзалтынхаа үеэр Тайванийн талаар өргөн цар хүрээнд авч хэлэлцжээ. Энэ үеэр Жо Байден Хятадын Засгийн газраас удаан хугацаанд хэрэгжүүлж байгаа "Нэг Хятад” бодлогыг хүлээн зөвшөөрч байгаагаа зарласан байна. Тодруулбал, "Байден Тайванийг салан тусгаарлахыг дэмжихгүй гэдгээ давтан хэллээ” хэмээн Хятадын төв телевизээр мэдээлсэн нь анхаарал татлаа. Энэ мэдээлэл нь Хятадын "Weibo” цахимд халуун сэдэв болж, 200 сая гаруй хүн үзжээ. Учир нь Хятадын Коммунист нам Тайванийг өөрийн улстай нэгтгэх бодлого баримталж байгаа билээ. Тиймээс Америкийн ерөнхийлөгч тэдний энэ үзэл суртлыг дэмжсэн нь уулзалтын онцлох сэдэв юм. Гэвч Цагаан ордноос "Ерөнхийлөгч Байден Тайванийн тусгаар тогтнолын талаар яриагүй” хэмээн мэдээллээ.
Хятад, АНУ-ын хооронд хурцадмал байдал бага зэрэг намжсан энэ үед хэвлэл мэдээллийн ажилтнуудад тавьсан хязгаарлалтыг зөөлрүүлэхээр хоёр орны удирдагч тохиролцоонд хүрсэн гэж "China Daily" сонин мэдээлэв. Хэлэлцээрийн дагуу АНУ нь Хятадын хэвлэл мэдээллийн ажилтнуудад нэг жилийн олон удаагийн виз олгох бөгөөд "статусын үргэлжлэх хугацаа"-г даруй шийдвэрлэнэ гэж мэдээлэв. АНУ-ын бодлого хүчин төгөлдөр болмогц Хятад улс хариу арга хэмжээ авч, америк сэтгүүлчдэд адил тэгш хандахаар болжээ. АНУ нь Хятадын хэвлэл мэдээллийн визний хүчинтэй байх хугацааг 90 хоногоос нэг жил болгон нэмэгдүүлэх үүрэг хүлээсэн байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
2021.11.18 ПҮРЭВ № 227 (6704)