|

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА А.ЭНХБОЛД ФРАНЦ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ТЭРГҮҮН ЗӨВЛӨХ РАФАЭЛ ДРОЗЭВСКИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

 

Монгол улс дахь Франц улсын элчин сайдын яамны тэргүүн зөвлөх Рафаэл Дрозэвскийн хүсэлтээр аймгийн Засаг дарга А.Энхболд энэ сарын 10-ны өдөр түүнийг хүлээн авч уулзлаа.  

Тус уулзалтад аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Б.Батбаяр, НХХ-ийн дарга Р.Тунгалаг-тамир, ХЗХ-ийн дарга П.Энхбат, аймгийн Ерөнхий архитектор Д.Эрдэнэбаяр нар байлцлаа.

1996 онд "Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд "Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай” хэлэлцээр байгуулж байжээ. Хэдийгээр Монгол, Францын хооронд дипломат харилцаа тогтоод 50 гаруй жил болж байгаа ч Дархан-Уул аймгийн хувьд Франц улс, тус улсын аль нэгэн хоттой тогтоосон хамтын ажиллагаа байхгүй байсан. Энэхүү уулзалтаар хоёр талын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа Талууд харилцан илэрхийлэв.

Аймгийн Засаг дарга А.Энхболд: -Дарханчууд бид Төвийн бүсийн Хөгжлийг тодорхойлогч байх болно. Учир нь Нийслэл Улаанбаатар хоттой хурдны замаар, Уул уурхай хөгжсөн Эрдэнэт, чөлөөт эдийн засгийн бүс Сэлэнгэ, аялал жуулчлалын бүс нутаг Хөвсгөл аймгуудтай төмөр зам, автозамаар холбогдсон, эдгээр урсгалуудын зангилаан дээр байгааг онцлоод, Үйлдвэр технологийн парк, Төмөрлөгийн үйлдвэрлэлийн кластер, Барилгын материалын үйлдвэрлэл зэрэг 4 чиглэлээр хөгжих нь Дарханчуудад хөгжлийн таатай боломжийг авчирах тухай мөн үеэр танилцууллаа. Улмаар Франц улстай хөдөө аж ахуй, байгаль орчин аялал жуулчлал, хот төлөвлөлтийн чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, Францын хотуудтай ах дүү, эгч дүүс хотын түвшинд харилцаа тогтоож ажиллах санал тавьлаа.

Монгол улс дахь Франц улсын элчин сайдын яамны тэргүүн зөвлөх Рафаэл Дрозэвски нь Дархан хотод хоёр өдөр ажиллах хугацаандаа манай хоттой танилцахын зэрэгцээ эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуйн салбарынхантай уулзалт хийсэн байна. Уулзалтуудын үр дүнд аль салбарт илүү урт удаан хамтын ажиллагааг эхлүүлэх боломж байгааг судлажээ. Тэрээр аймгийн Засаг даргын хүсэлтийг хүлээн авч, хот төлөвлөлтийн чиглэлээр Францын аль нэгэн хотын удирдлагад уламжилж өгнө гэв. Ойрын хугацаанд Хөдөө аж ахуй, Байгаль орчны чиглэлээр ХААИС-ийн Дархан салбар, УГТСЭШХ-тэй хамтран уулзалт зохион байгуулах талаар санал нэгдлээ. Эрдэнэт хотод хэрэгжүүлж буй цэвэрлэх байгууламжийн төслийг Дарханд үргэлжүүлэх боломжтой гэлээ. Мөн соёлын салбарт хамтран ажиллаж франц хэлийг монгол хүмүүст зааж сургах улмаар Францын соёлын төвийг байгуулах зорилго байгааг ч дуулгасан юм.

Ойрмогхон Францын элчин сайд хатагтай Элизабет БАРСАК өөрийн биеэр Дарханд айлчилж өнөөдөр ярилцсан дээрх асуудлуудаар илүү гүнзгийрүүлж ярилцах болно гэж Франц улсын элчин сайдын яамны тэргүүн зөвлөх Рафаэл Дрозэвски ярьлаа. Тэрээр элчин сайдын мэндийг аймгийн Засаг даргад уламжлаад, Монгол, Францын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүндэт тэмдгийг гардууллаа.

Анхны уулзалт боловч өргөн хүрээнд үр дүнтэй ярилцлага өрнүүлж чадлаа гэж Талууд дүгнэлээ. 

logo