|

Банк яагаад хувь хүний мэдээллийг цуглуулдаг вэ?

Харилцагч таны мэдээлэл болон мэдээллийн нууцлалыг хүндэтгэж, чанд хадгалж, нууцлалтай байдлыг ханган ажиллах нь банкуудын чухал үүрэг. Тэгвэл энэ үүргийн хүрээнд банкууд нууцлалын ямар бодлого баримталж ажилладаг вэ?
Дэлхийн ихэнх улс орнуудад дагаж мөрддөг "Хувь хүний мэдээллийг хамгаалах стандарт” буюу "General Data Protection Regulation” (цаашид "GDPR” гэх) хувь хүний мэдээллийн нууцлалыг хангах стандартыг Монгол улсдаа нэвтрүүлэн хэрэгжүүлж буй анхны байгууллагын хувьд Хаан банкнаас асуултын хариултыг хүргэж байна. 
ЯМАР ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙГ ЦУГЛУУЛДАГ ВЭ?
ХААН Банк нь харилцагч таны дараах хувийн мэдээллийг зөвхөн таныг өөрийн биеэр зөвшөөрч банкны аливаа бүтээгдэхүүн үйлчилгээний хүсэлтийн маягт дээр гарын үсэг зурж баталгаажуулсан болон цахим сувгаар хийгдэж буй бүтээгдэхүүн, үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд банкны бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх, санал болгох эсвэл мэдээлэл өгөх зорилгоор цуглуулна. Үүнд: 
  • Хувийн мэдээлэл буюу таны овог нэр, иргэний үнэмлэх, регистрийн дугаар, гадаад улсын иргэн тохиолдолд Монгол улсад оршин суух эрхийн үнэмлэх болон гадаад паспортын хуулбар, оршин суугаа хаяг, шуудан болон цахим хаяг, утасны дугаар, факс гэх зэрэг мэдээллүүд;
  • Хөрөнгө орлогын мэдээлэл (зээл авах үед);
  • Таны ХААН Банкны цахим бүтээгдэхүүн үйлчилгээнд хандсан төхөөрөмжийн IP хаяг болон хандалтын түүх;
  • Гуравдагч байгууллагуудаас ирүүлсэн мэдээлэл буюу:
  • НД – Нийгмийн Даатгалын аливаа шимтгэл төлөлтийн мэдээлэл, лавлагаа
  • Татвар – Татварын өргүй эсэх лавлагаа 
  • ШШГЕГ – Өр төлбөргүй эсэх лавлагаа
  • МБ – Монгол банкны зээлийн мэдээллийн сангаас харилцагчийн нэр дээр бүртгэлтэй бүх төрлийн зээлийн мэдээлэл;
  • Бусад шаардлагатай мэдээлэл.
ЯАГААД ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙГ ЦУГЛУУЛДАГ ВЭ?
Монгол улсын Иргэний хууль, Банкны тухай хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомж, Эрх бүхий зохицуулагч байгууллагын дүрэм, журам, ХААН Банкны дотоод бодлого журам, депозит, цахим болон картын бүтээгдэхүүн, үйлчилгээний шимтгэл, хураамжийн ерөнхий нөхцөл болон GDPR стандартын хүрээнд таны мэдээллийг дараах шалтгаанаар авах, бүртгэх, ашиглах болон хуваалцах боломжтой:
  • Харилцагчийн гаргасан хүсэлтийн дагуу банкинд шинээр харилцагчаар бүртгэх;
  • Харилцагчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэх; 
  • Харилцагчаас ирүүлсэн санал, гомдолд дүн шинжилгээ хийх, шалгах, нөхөн барагдуулах; 
  • Харилцагчийн өгсөн мэдээлэлд үндэслэн тохирох бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгож харилцагчид хүргэх үйлчилгээний чанарыг сайжруулах;
  • Харилцагчийн үйлчилгээ үзүүлэх явцад хувийн мэдээллийн зөрүүтэй байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх, танин баталгаажуулах;
  • Харилцагчийн мэдээлэл, банкны систем, байр, АТМ болон Киоск машины аюулгүй байдал, хамгааллыг хангах.
ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙГ ХЭРХЭН ЦУГЛУУЛДАГ ВЭ?
Дараах тохиолдолд таны мэдээллийг банкны аливаа үйлчилгээ авах хүсэлтийн маягт, цахим сувгууд, судалгаа болон санал асуулгаар дамжуулан цуглуулна:
  • Харилцагчаар бүртгүүлэх, банкны бүтээгдэхүүн үйлчилгээг авах болон данс нээлгэхээр банкны салбарт биечлэн ирэх үед салбар тооцооны төвийн ажилтан авах;
  • Та гүйлгээ, төлбөр тооцоо болон зээлийн үйлчилгээг салбар тооцооны төвөөр болон цахим банкаар дамжууланавах хүсэлт гаргах үед;
  • Та бүх төрлийн төлбөрийн картыг ПОС, АТМ болон цахим банк ашиглах үед;
  • Та банкны салбар тооцооны төв, Үйлчилгээний нэгдсэн төв болон албан ёсны цахим сувгуудаар дамжуулан санал, гомдол ирүүлэх үед;
  • Та банкинд өмнө нь өгсөн мэдээллээ салбар тооцооны төв, Киоск машин болон цахим банкаар дамжуулан өөрчлөх болон шинэчлэх үед;
ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ГЭЖ ЮУ ВЭ?
Хувийн мэдээлэл гэж хүний эмзэг мэдээлэл болон хүний эцэг, эхийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, төрсөн газар, оршин суугаа газрын хаяг, байршил, иргэний бүртгэлийн дугаар, боловсрол, гишүүнчлэл, цахим тодорхойлогч, хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох, эсвэл тодорхойлох боломжтой бусад өгөгдөл мэдээллийг ойлгоно.
Эмзэг мэдээлэлд яс үндэс, угсаа гарал, арьс өнгө, шашин шүтлэг, итгэл үнэмшил, улс төрийн намын харъяалал, эрүүл мэнд, боловсрол болон хөдөлмөр эрхлэлтийн түүх, захидал харилцаа, гэр бүлийн байдал, гишүүдийн мэдээлэл, генетик болон биометрик мэдээлэл, цахим гарын үсэг, ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн чиг хандлага, хөрөнгийн гарал үүсэл, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл, эрх бүхий байгууллагын лавлагаа зэрэг мэдээллүүд багтана.