|

Барууны орнууд 800 гаруй хориг арга хэмжээ авчээ


АНУ-ын эрх баригчид Москвагийн эсрэг хориг арга хэмжээний хүрээнд тус улсын банкууд дахь ОХУ-ын 600 тэрбум ам.долларын гадаад валютын нөөцийг царцаасан. Тэгвэл АНУ-ын Сангийн яам мягмар гарагт ОХУ-ын ам.доллароор илэрхийлэгдэх гадаад бондын эргэн төлөлтийг хориглолоо.  ОХУ-ын цэргүүд Украины нийслэл орчмыг орхин гарахдаа Буча хотод олон зуун энгийн иргэнийг  хоморголон хөнөөсөн явдлын хариуд Вашингтон ийм арга хэмжээ авсан аж. 
АНУ-ын Сангийн яамны хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр уг алхам нь ОХУ-ын валютын нөөцийг шавхаж, Кремлийн эрх баригчид Украин дахь дайны ажиллагааг санхүүжүүлэх боломжгүй болгох зорилготой аж. Тэгвэл барууны орнуудын 800 гаруй хориг арга хэмжээнд ороод байгаа ОХУ-ын Төв банк мягмар гарагт 2022 онд дуусгавар болох 552.4 сая ам.долларын гадаад бондын өрийн үндсэн төлбөр, 2042 онд дуусгавар болох гадаад бондын өрийн 84 сая ам.долларын купоны төлбөрийг хийх хуваарьтай байсан юм. Ингэснээр ОХУ төлбөрийн чадамжгүй болж, дефолт болох асуудал дахин хүчтэй яригдаж эхэллээ.
Өөрөөр хэлбэл, Москва одоо бондын эргэн төлөлтөө хийхийн тулд Төв банк дахь гадаад валютын үлдэгдэл нөөцөө шавхах, экспортын орлогоо шууд бондын төлбөрт тушаах гэсэн хоёрхон сонголттой тулгараад байгаа юм. Эс бөгөөс дефолт болж, ОХУ албан ёсоор дампуурах нөхцөл байдал бий болоод байна. АНУ-ын Сангийн яам өмнө нь, барууны орнуудын эдийн засгийн хориг арга хэмжээ ОХУ-ын гадаад валютын нөөц, төлбөрийн чадамжид төдийлөн нөлөө үзүүлж чадаагүй гэж мэдэгдэж байв. Тэгвэл шинэ хориг арга хэмжээ хэрэгжиж эхэлснээр Москва ирэх тавдугаар сарын дундуур гэхэд дефолт болох магадлалтай гэж тооцсон байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН