|

Дархан хотод 20,5 км газарт дугуйн зам барина

Бүтээн байгуулалтын зөвлөлийн хурлаар 2016 онд ОНХС-ийн хөрөнгөөр хийж гүйцэтгэх бараа ажил үйлчилгээний худалдан авалтын асуудлаар ярилцлаа. Нийт 47 бараа, ажил үйлчилгээг ерөнхийдөө зарлаж дуусгаад байна.

Тус өдрийн байдлаар Дархан сумын 8, 13, 14, 16 дугаар багт байгуулах Жишиг хороолол-4 төслийн ажил, нийтийн орон сууцны зоорийн давхрын инженерийн шугам хоолойн шинэчлэлт, асьфалтбетон хучилттай төв авто замын нөхөөс, хотын доторх ногоон байгууламж, дугуйн зам барих, Аюулгүй зам төслийн хүрээнд Хурд сааруулагч хийх, Дархан сумын 15 дугаар багийн гэр хорооллын гудамжны гэрэлтүүлгийн ажлын худалдан авалтуудыг яаравчлаж, бүтээн байгуулалтын ажлыг 6 дугаар сарын 15 гэхэд  эхлүүлсэн байхыг аймгийн Засаг даргаас ажил хариуцсан хүмүүст үүрэг даалгавар өглөө.

 

Ийнхүү өнөө жил Дархан суманд 640 сая төгрөгөөр дугуйн зам төслийг эхлүүлж, 80 сая төгрөгөөр хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.  Дугуйн замын ажлын гүйцэтгэлд Гудамж төслийнхөн мэргэжлийн үүднээс хяналт тавьж ажиллах юм байна.

Мөн Дархан сумын 8, 13, 14, 16 дугаар багт байгуулах Жишиг хороолол-4 төслийг энэ жил 983,2 сая төгрөгөөр хийж гүйцэтгэнэ. Ажил гүйцэтгэгчийг нээлттэй тендер шалгаруулалтаар сонгох юм байна. Жишиг хорооллын ажлыг цаг хугацааны хувьд хурдан хийх үүднээс нийт ажлыг 4 багцад хуваасан байна. 

80 сая төгрөгийн өртөгөөр гүйцэтгэх авто замын нөхөөсны ажлыг төв авто зам дагуу, хөдөлгөөний эрчим ихтэй газруудаар ойрын хугацаанд ажлыг эхлүүлэх үүргийг Засаг даргаас өглөө. Одоогоор нөхөөс тавих замын хэмжилтийг хийж байгаа юм байна.

Харин аюулгүй замын хурд сааруулагчийг хийхийн өмнө замын аюулгүй байдлыг хангах үүднээс Авто тээврийн төв, Замын цагдаагийн газар зэрэг мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийг харгалзан хурд сааруулагч зайлшгүй байх шаардлагатай газруудыг сонгох юм байна.