|

“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы хүрээнд сэтгүүлчдийн дунд уралдаан зарлалаа


ХААН Банкны тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сан, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз хамтран цусны даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлэх, иргэдийг үзлэг оношилгоонд хамруулах, мэдлэг мэдээлэл олгох зорилготой “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг өдгөө зургаа дахь жилдээ амжилттай зохион байгуулж байгаа билээ.
ХААН Банк Сангаас “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы хүрээнд нийт сэтгүүлч, уран бүтээлчдийн дунд цусны даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэхийн ач холбогдол, эрүүл зан үйл төлөвшүүлэхэд ард иргэдийн анхаарлыг хандуулах, хүн амын эрүүл мэндийн боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх, уг өвчинтэй хамтдаа тэмцэх зорилгоор чиглэсэн сэтгүүлзүйн шилдэг бүтээл шалгаруулах уралдаан зарлаж байна.
Тус аяныг 2018 оноос эхлэн цусны даралт ихсэх өвчний үзүүлэлт өндөртэй тухайлсан аймгуудыг сонгон хэрэгжүүлж ирсэн бөгөөд өнгөрсөн зургаан жилийн хугацаанд 12 аймгийн нийт 23,000 гаруй иргэнд үзлэг оношилгоо хийсэн юм. 2022 оны хувьд Өмнөговь, Дорноговь, Орхон, Сэлэнгэ аймагт ажиллаж, нийт 7777 иргэнд үзлэг оношилгоо хийж, 240 эмч мэргэжилтнийг чадавхжуулах сургалтад хамруулаад байна.
Монгол Улсын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон цусны даралт ихсэх өвчин сүүлийн жилүүдэд  нэмэгдэж, тэр дундаа залуусын дунд ч газар авч буй. Иргэдийн дунд цусны даралт ихсэлтээс урьдчилан сэргийлэх үнэн, зөв мэдээлэл дутмаг, хөдөлгөөний хомсдол, жингийн илүүдэл, зохисгүй хооллолт зэрэг амьдралын буруу хэвшил түгээмэл, мөн даралт ихсэлттэйгээ мэддэг ч эмчилгээ, оношилгоогоо бүрэн гүйцэд хийлгэдэггүй зэрэг нь энэ өвчний шалтгаан болдгийг мэргэжилтнүүд онцолдог.
“Сэтгүүлчдийн шилдэг бүтээлийн уралдаан”-ы материалыг 2022 оны 9-р сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд ХААН Банк цамхагийн ресепшин хүлээн авна.
Уралдааны ерөнхий удирдамжтай ЭНД дарж танилцана уу.