|

SMiShing буюу мессеж луйвар гэж юу вэ?


SMiShing (SMS Text Phishing) буюу мессеж луйвар нь олон улсад өргөн тархаад буй халдлагын нэг төрөл юм. Гар утсаараа мессеж бичих, хүлээн авах өргөн хэрэглээг ашиглан бусдыг залилах, цахим луйвар үйлдэх, хувийн мэдээлэлд нь халдах тохиолдол манай улсад ч гарах болсон нь хоёр хоногийн өмнө нийгмийн сүлжээгээр тархсан, байгууллагын нэрийн өмнөөс хуурамч мессеж иргэд рүү илгээсэн тохиолдлоос харагдаж байна. Банк хэзээ ч харилцагчаасаа хувийн нууцлалтай мэдээлэл буюу интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг оруулахыг шаардсан хүсэлт илгээдэггүй. Ямар нэг байдлаар ийм төрлийн мессеж танд ирсэн тохиолдолд та тухайн илгээсэн байгууллагын албан ёсны цахим хаяг, утасны дугаар үнэн зөв эсэхийг эхлээд заавал нягталж шалгаж байгаарай.
Утсанд тань “Мэдээллээ баталгаажуулаарай”, “Та мэдээллээ шинэчилнэ үү”, “Та азтан боллоо”, “Бэлгийн эзэн боллоо”, “Сугалаанд оролцож, азаа сориорой” зэрэг мессеж ирж байсан уу? Зарим мессежний хувьд зар сурталчилгааны шинж чанартай байдаг ч хэрэглэгчийн хувийн мэдээлэл, аль нэг аппликэйшн, цахим банкны нэвтрэх нэр, нууц үг зэргийг оруулахыг шаардсан бол энэ нь SMiShing буюу мессеж дээр суурилсан халдлага байх магадлалтай юм. Энэ төрлийн луйврын гол зорилго нь мессежээр ирсэн файл эсвэл линк дээр даруулж, цаашлаад таны цахим банкны нэвтрэх нэр, нууц үгийг бичүүлж, түүнийг нь хуулбарлан авч санхүүгийн хохиролд оруулах юм.
SMiShing нь хувь хүний сэтгэл хөдлөл, итгэл үнэмшил дээр тулгуурлан хууран мэхлэх зорилготой, мессеж хүлээн авсан хүмүүс маш хурдан хариу үйлдэл үзүүлэх магадлалтай байдгаараа бусад төрлийн халдлагуудаас илүү эрсдэлтэй юм. Иймд та гар утас, цахим шуудангаар ирсэн, сэжиг бүхий линк, хавсаргасан файлыг нээхгүй байх, хувийн мэдээллээ оруулахыг шаардсан мессежний хариуд нууцлалтай мэдээллээ илгээхгүй байх, тухайн байгууллагын албан ёсны утас, вэбсайт нь мөн эсэхийг нягталж шалгаж хэвшсэнээр цахим луйврын хохирогч болохоос урьдчилан сэргийлж чадах юм.
СИМ карт, гар утасныхаа аюулгүй байдлыг хангаарай
Технологи хурдацтай хөгжихийн хэрээр бид бүртгэлтэй утасны дугаар, и-мэйл хаягаараа олон тооны үйлчилгээ авах боломжтой болсон. Энэ нь бидний цаг, мөнгийг хэмнэх давуу талтай ч хувийн мэдээллийнхээ нууцлалыг буюу утасны дугаар, и-мэйл хаягийнхаа аюулгүй байдлыг бүрэн хамгаалаагүй тохиолдолд энэ нь сул тал болж болзошгүй юм.
Таны гар утсанд сошиал хаягуудын мэдээлэл, цахим банкны нууц үг, баталгаажуулах код, төрөл бүрийн аппликэйшний давхар танин баталгаажуулалтын код гэх мэт олон чухал хувийн мэдээллүүд мессеж, и-мэйлээр танд ирдэг гэдгийг битгий мартаарай!
Иймд хэрэглэгч та зайнаас авч байгаа аливаа бүтээгдэхүүн үйлчилгээний гэрээ, нөхцөлтэй сайтар танилцаж, бүртгүүлсэн и-мэйл хаяг болон утасны дугаарын  нууцлал хамгаалалтыг хангах, төрийн үйлчилгээний цахим бүртгэлийн систем дэх өөрийн мэдээллийн нууцлал, хамгаалалтаа сайжруулан, нягталж хэвших нь учирч болох олон эрсдэлээс өөрийгөө хамгаалах ач холбогдолтой юм.