УИХ-ын ээлжит сонгууль хаяанд ирж эрх баригч намын "хэтийдсэн” эрх мэдлийн хийрхэл хот хөдөөгүй үргэлжилж байна. Тодруулбал, Дархан-Уул аймгийн сонгуулийн тойргийн хороо нь 9 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулдаг. Үүний долоо нь АН-ын гишүүд. Уг нь МАН эрх мэдлийг барьж байх үед есөн хүний бүрэлдэхүүнийг нам намаас дөрөв дөрөв, бие даагч нэг гэсэн бодлогыг баримталдаг байсан бол АН эрх мэдлээрээ хүч түрэн өөрийн намын гишүүдээр олонхи бүрдүүлж нэг талыг баримталсан шийдвэрийг гаргаад зогсохгүй, сонгуулийн тойргийн хороогоор дамжуулж өрсөлдөгч намынхаа 7-н нэр дэвшигчийг хууль бусаар хассан байна.
Тодруулбал, Ч.Чүлтэмбатыг ТГ-ын даргын ажилтай холбоотойгоор тавигдсан актыг, З.Бадралыг 31 хувь эзэшдэг компанийн өртэй холбоотойгоор, Б.Азжаргал, Т.Тулга нарыг ахмадуудад хүндэтгэл үзүүлсэн, С.Насанбат ажлын тайлан тавьж сэтгүүл тараасан, Д.Амарсанааг ажилладаг байгууллагынх төлөгдсөн өрөөр акт тавьж нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан. Тэгвэл хуулиндаа сонгуулийн тухай хуулийг зөрчсөн болохыг шүүхээр тогтоосны дараа асуудлыг шийдэх ёстой. Гэтэл хууль зөрчсөн эсэх нь шүүхээр тогтоогдоогүй, тодорхой болоогүй байхад дур мэдэн шийдвэр гаргаж нэр дэвшигчдийг хассан нь өөрсдөө сонгуулийн тухай хуулийг зөрчсөн үйл явц боллоо.
Тэгвэл аймгийн МАН-аас нэр дэвшсэн дээрхи нэр дэвшигчид нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3, 157 дугаар зүйлийн 157.2-т заасан баримт бичгүүдийг бүрдүүлэн аймгийн сонгуулийн хороонд өгснөөр Сонгуулийн хороо сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.7-д "Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо нэр дэвшигчийг бүртгэхдээ намын болон нэр дэвшигчийн ирүүлсэн баримт бичигт гүйцэт эсэхийг шалгана” гэж хуулинд заасны дагуу шалгаж бүртгэчихээд арван хоногийн дараа бүртгэхээс татгалзсанаа хэлж, хууль зөрчсөн асуудлыг яриж байгаа нь эргээд хууль дүрмээрээ ярьвал сонгуулийн тойргийн хорооны гишүүд үү эсвэл МАН-ын нэр дэвшигчид үү аль нь хууль зөрчсөн нь тодорхой болох нь лавтай.
Г.Соёлмаа даргаар ахлуулсан Дархан-Уул аймгийн сонгуулийн тойргийн хороо төрийн нэр, хууль ёс гэх нэрийдлээр өөрсдөө хууль зөрчсөн гэмт хэргийн шинжтэй энэхүү явуургүй үйл ажиллагаагаа зогсоохгүй бол төр түмэн нүдтэй гэдгээр ард түмэн чинь АН-д үгээ хэлж босч ирэх цаг болоод буйг тэд санууштай.