|

Голомт банк “Infosys Finacle Innovation Awards”-аас “Ecosystem-led Innovation” шагнал хүртлээ


Дижитал банкны шийдэл, программ хангамжийн үйлчилгээгээр салбартаа тэргүүлэгч, EdgeVerve Systems-ийн салбар Infosys Finacle компаниас жил бүр зохион байгуулдаг “Infosys Finacle Innovation Awards - 2023” арга хэмжээнд Голомт банкийг Нээлттэй банкны API платформыг амжилттай хэрэгжүүлж, Монгол Улсдаа өргөн цар хүрээг хамарсан, тогтвортой дижитал эдийн засгийг бий болгож байгааг нь өндрөөр үнэлж “Ecosystem-led Innovation” төрөлд шилдгээр шалгарууллаа. Энэ жилийн хувьд инновацид анхаарлаа хандуулан өөрчлөлт шинэчлэлд үргэлж бэлэн байж, дижитал шилжилтийг хурдтайгаар хийж буй дэлхийн шилдэг банкнуудыг нийт 10 төрөлд тодруулжээ.
 
Голомт банк 2020 оноос Монголын орчин үеийн банк, санхүүгийн салбарын шинэ өнгө төрхийг тодорхойлж, инноваци суурьтай Нээлттэй банкны бизнес загварыг үйл ажиллагаандаа цогцоор нь нэвтрүүлсэн бөгөөд харилцагч болон бизнесийн онцлогт тохирсон багц үйлчилгээг API системээр дамжуулан хүргэж, нийгэмд дижитал шилжилтийн соёлыг түгээх, эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуй зэрэг бүхий л салбарыг хамарсан, өргөн цар хүрээтэй дижитал экосистем, дижитал эдийн засгийг бий болгож хамтдаа хөгжүүлэхийг зорьдог билээ. 
 
Энэ талаар Голомт банкны Мэдээллийн технологи хариуцсан захирал М.Сайнбилэг “Хуваалцах нь хамгийн зөв шийдэл. SOA архитектур, Finacle core зэрэг банкны системийн функц, бизнес загваруудыг ашиглан боловсруулсан нээлттэй банкны API нь өөрсдийн бий болгосон сайн шийдлүүдээ өөр хоорондоо хуваалцах тухай юм. Голомт банк нээлттэй банкны платформ төдийгүй технологийн мэдлэг, давуу тал, бизнесийн туршлага, дэд бүтцээ харилцагчид, хамтрагч байгууллагуудтайгаа нээлттэй хуваалцаж, банкны үйлчилгээг дараагийн шинэ шатанд гаргах нэгдсэн экосистемийг бий болгохоор зорин ажиллаж байна" хэмээн онцолсон юм.  
 
 
Амжилт бүрд хамт байдаг эрхэм харилцагч, хамтрагч түншүүд та бүхэндээ талархал илэрхийлье.