Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр (2023.10.13) Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Хуулийн төсөлд,
-Бага насны хүүхдийг хүчиндэх, бага насны хүүхдийн эсрэг бэлгийн мөлжлөг, хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгах;
-Сүүлийн жилүүдэд мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах явдал нэмэгдэж, энэ нь хүний эрх, эрх чөлөөнд халдах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдаг үүсэж байна. Иймд мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулах гэмт хэргийг үйлдсэн шүүгч, прокурор, хууль сахиулагч, өмгөөлөгч нарт оногдуулах ялын бодлогыг чангатгах;
-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохтой холбоотой зөрчил, гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах өөрчлөлтийг тус тус хийхээр тусгажээ.
Түүнчлэн бага насны хүүхдийг алах, бага насны хүүхдийг хүчиндэх, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн, авлигын гэмт хэрэг үйлдсэн ялтанг хугацаанаас өмнө суллахгүй байхаар төсөлд тусгасан байна. Мөн бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг нэмэгдүүлэх, өршөөл үзүүлэхгүй байх зэрэг зохицуулалтыг оруулжээхэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.