Ажилгүйдлийн тэтгэмжтэй холбоотой асуудлын талаарх зарим зүйлийг Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын газрын тэтгэмжийн мэргэжилтэн М.Отгонбаяраас тодрууллаа.
-Ажилгүйдлийн тэтгэмжийг ямар тохиолдолд олгодог юм бэ. Энэ талаар тайлбарлаж өгөхгүй юу?
Ажилгүйдлийн тэтгэмж нь Олон улсын Хөдөлмөрийн конвенцийн заалтад нийцүүлэн манай улсад 1995 оноос хойш бий болсон. Ажилгүйдлийн даатгалын сангаас 1997 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс ажилгүйдлийн тэтгэмж олгож эхэлсэн байдаг. Нэг үгээр хэлбэл, даатгуулагч ажилгүй болох үед ажилгүйдлийн даатгалын сангаас олгох мөнгөн тусламжийг ажилгүйддийн тэтгэмж гэж байгаа юм. Жишээлбэл, тухайн даатгуулагч ямар нэгэн шалтгаанаар эрхэлж байсан ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөний улмаас тодорхой хугацаагаар орлогогүй болж, амьдралын баталгаа нь алдагдаж, эрсдэлд ордог. Ийм үед тухайн даатгуулагчийн эрсдлийг бууруулах, дараагийн ажилд орох хүртэл орлоготой болох хүртэл хугацаанд олгодог тэтгэмж гэж ойлгож болно.
-Ажилгүйдлийн тэтгэмжийг хэрхэн авдаг юм бэ?
-Энэхүү тэтгэмж нь 1995 онд үүссэн учраас 1995 оноос хойш тооцож олгодог. Мөн тухайн даатгуулагч тушаал гарахаас өмнө сүүлийн есөн cap тасралтгүй нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байх ёстой. Хэрвээ энэ тохиолдлууд бүрдсэн байвал ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүснэ. Мөн урьд нь ажилгүйдлийн тэтгэмж авч байсан даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэл 12 cap төлсөн нөхцөлд уг тэтгэмжийг дахин авах эрх үүсдэг байгаа.
-Хэрвээ 1995 оноос өмнө ажилласан жил нь уг тэтгэмжид хамаарахгүй гэсэн үг үү?
-Тийм. 1995 оноос хойш тооцож олгодог. Учир нь 1995 оноос өмнө ажилгүйдлийн тэтгэмж гэж байгаагүй гэсэн үг.
-Ажилгүйдлийн тэтгэмжийг хаанаас авах вэ. Ямар материал бүрдүүлэх шаардлагатай вэ?
-Харьяа дүүргийнхээ нийгмийн даатгалын хэлтэст шаардлагатай материалаа бүрдүүлж өгч, тэтгэмжийн байцаагчаар бодуулна.
Ингэхдээ нийгмийн даатгалын дэвтэр, иргэний үнэмлэхээ авч ирэх хэрэгтэй.
-Ажилгүйдлийнтэтгэмжийн доод хэмжээ ямар байдаг вэ?
-Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооноос тогтоосон ажилгүйдлийн тэтгэмжийн доод хэмжээг тогтоосон байдаг. Тэгэхдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 75 хувиас багагүй байна гэж тогтоосон. Харьяа дүүргийнхээ хэлтэст хандсанаас хойш ажлын 76 хоногийн дотор тэтгэмж нь бодогдож ордог. Энэхүү тэтгэмжийг бодохдоо ажлаас чөлөөлөгдөхийн өмнөх сүүлийн гурван сарын дунджаар 76 өдрөөр бодож олгодог юм. Доод хэмжээ нь 516 мянган төгрөг байдаг.
-Ажилгүйдлийн тэтгэмжийг хасч тооцох тохиолдол байдаг уу?
-Тийм тохиолдлууд байдаг. Уг тэтгэмжийг ажлын 76 өдрөөр бодож олгоно гэсэн хэдий ч тэтгэмжээс ажлын 36 өдрийг хасч олгох нөхцөл бий. Жишээлбэл, тухайн даатгуулагч өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээгээ цуцалсан тохиолдолд энэ нөхцөлөөр хасч бодно. Мөн хөдөлмөрийн сахилгыг удаа дараа буюу ноцтой зөрчсөний улмаас захиргааны санаачилгаар ажлаас халагдсан зэрэг шалтгаанаар ажлаас чөлөөлөгдсөн бол ажлын 40 өдрийн тэтгэмж олгодог. Өөрөөр хэлбэл, 36 өдөр нь хасагддаг гэсэн үг.
-Ажилгүйдлийн тэтгэмж авах гэж буй хүмүүс ихэвчлэн ямар алдаа гаргадаг вэ. Анхааруулж хэлэх зүйлс байдаг байх?
-Ер нь техник технологи хөгжихийн хэрээр хүмүүсийн мэдээлэл хүлээн авах арга нь нэмэгдсэн байна. Нэг үеэ бодвол хүмүүс харьцангуй мэдээлэл сайтай болсон. Гэхдээ ихэвчлэн хоног хэтэрч нийгмийн даатгалд ханддаг. Уг тэтгэмжийг авахын тулд ажлын 14 хоногт харьяа дүүргийнхээ нийгмийн даатгалд хандах ёстой. Гэтэл хүмүүс хугацаа хэтрүүлж ирээд авч чадахгүй явдаг. Ийм л алдаа гаргадаг.
-Энэ тэтгэмжийн материал бүрдүүлж өгөх хугацааг хойшлуулах тохиолдол байдаггүй юм уу?
-Тэтгэмжийн материал хүлээж авахад хүндэтгэх хэдэн шалтгааны улмаас хугацааг хойшлуулдаг. Тухайлбал, тухайн байгууллага нь тодорхой шалтгааны улмаас хойшлуулах, амьдарч байгаа нутагт нь хөл хорио тогтоосноос болж хугацаанаасаа хоцорсон, мөн даатгуулагч хүнд өвчилсөн тохиолдолд бол хүндэтгэх шалтгаанд авч үздэг.
-Хэрвээ даатгуулагчийн харьяалагддаг дүүрэг болон байгууллагынх нь харьяалагддаг дүүрэг өөр байвал аль дүүрэгт нь хандах ёстой вэ?
-Шилжүүлэг хийнэ. Жишээлбэл, Бат гэдэг хүний ажилладаг байгууллага нь Баянзүрх дүүрэгт шиймтгэл төлдөг. Харин өөрөө Сүхбаатар дүүрэгт амьдардаг гэж бодъё. Ийм тохиолдолд Баянзүрх дүүргээсээ нийгмийн даатгалын дэвтэртээ хасалт хийлгээд Сүхбаатар дүүргийнхээ нийгмийн даатгал руу шилжих ёстой байдаг.
Монголын мэдээ
Н.Батзаяа