Сонгуулийн Ерөнхий Хороо нам, эвсэл, бие даан нэр дэвшигчийн ирүүлсэн баримт бичгийг нягтлан шалгаад 2016 оны УИХ, аймаг, нийгслэлийн иргэдийн төлөөлөгчдийн ээлжит сонгуульд оролцох 12 нам, 3 эвслийн 429, мөн бие даан нэр дэвшигч 69 нийт 498 нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэхийг нь өчигдөр /2016.06.07/ гардууллаа.
Нэр дэвшигчдийг Нам, эвсэл тус бүрээр нь авч үзвэл, МАН-аас 76, АН-аас 76, "Тусгаар тогтнол, эв нэгдэл” эвсэл 44, Иргэний зориг- Ногоон нам 15, Монголын Уламжлалын нэгдсэн нам 11, "ХААН сонголт” эвсэл 9, Бүгд Найрамдах нам 36, Монголын Социал-демократ нам 17, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам 9, Иргэний хөдөлгөөний нам 27, Монголын Ардчилсан хөдөлгөөний нам 3, МАХН- 71, Эх орончдын нэгдсэн эвсэл 9, Монголын Консерватив нам 13, Ард түмнээ хайрлая нам 13 нэр дэвшигчийг Улсын Их Хурлын 2016 оны сонгуульд тус тус нэр дэвшүүлж бүртгүүлсэн байна.
Нам, эвслээс нэр дэвшигчдийн 27 хувь нь буюу 116 нь, бие даан нэр дэвшигчдийн 13 нь улмаар нийт нэр дэвшигчдийн 25.9 хувь буюу 129 нь эмэгтэй нэр дэвшигч байгаа юм.
Сонгуулийн хуулийн дагуу нэр дэвшичгдийн сурталчилгаа зургаадугаар сарын 11-нд албан ёсоор эхэлж, 28-нд дуусах ёстой. Ингээд Монголчууд бид зургаадугаар сарын 29-нд ирэх дөрвөн жилд биднийг төлөөлөн Төрд суух төлөөлөгчдөө сонгоно. Харин гадаадад буй сонгуулийн эрх бүхий иргэдийн УИХ-ын ээлжит сонгуулийн саналыг 2016 оны зургаадугаар сарын 17, 18, 19-ний өдрүүдэд зохион байгуулна.
Ингээд сонгогч таны тойрогт хэн, хэн гэгч хоорондоо учраа таарч, ирэх дөрвөн жилд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломжийг олж авах бол?